Hervee ta uuniig unshij baigaa bol duustal n unshaarai. Harin daraan zaaval setgegdlee uldeegeeree!!!
Өглөөний нарыг өөрийгөө гэж андуурсан
Үдийн нарыг таныг гэж ташаарсан намайг хайрласаар байна уу ааваа.
Эсвэл өр зүрхнийхээ эс болгонд хүүдээ гомдол тээгээд
Эргэх хорвоогийн өнгөнд уусаж бүдгэрч явна уу миний ааваа.
Эхнийнх нь гэдгийг хүү нь
Эзэндээ гомдож цөхөрсөн уруулыг минь давж гарсан хараалын тоогоор батлан хэлье.
Энэнээс өөр хүүд нь ихэрхэх юм байхгүй.
Хүн гэдэг нэрийг дуулснаасаа хойш анх удаа л
Хүү нь үнэн юманд эрүүл ухаанаар баттай хэлж байна.
Өмнө нь гашуун дарсанд дурлаж, гоёсон хүүхэнд нүд унагаж
Мөнгөөр орчлонг хэмжиж, хөгшидийг амаараа үхүүлж
Мөнх залуугаараа үлдэх юм шиг нүгэл бүхнийг хийж явсан.
Тэвчимгүй зан авирыг минь та засах л гэж үг хэлнэ, хааяа гар хүрнэ.
Тэр бүхэнд гашуун хорсол зангидан өөрийгөө ямагт зөвтгөнө.
Ээжгүйгээрээ таныг айлгаж, үхэлд нь буруутгаж
Зовж ганцаардсан сэтгэлийн гунигийг тань нимгэлэхийн оронд
Зовлонгийн дөлөн дээр тань тос асган улам дэвэргэсэн.
Ээжийг үхүүлсэн нь та биш би байсан юм.
Энэ дэлхий миний төрөх ёсгүй газар байсан юм.
Хэрэггүй би л тэр мөчид хүн болох гэж тэмцэж амьд гараагүй бол
Намайг үгүй гээд ээжий амьд үлдэж
Нартад та хоёр минь олон үртэй болох байсан.
Ээжээ гэж дуудаж, эрхлэх нь бүү хэл сүүг нь хөхөж амжаагүй би
Эхийн хайрыг үеийнхнийхээ амнаас сонсон атаархсандаа танийг шийтгэж
Хорин тавхан насандаа ханиасаа хагацсан таныхаа залуу насыг
Хорт могой шиг ганцаараа, хэнтэй ч хуваалгүй сорчихжээ.
Үрийнхээ төлөө өөрийгөө мартсан аавыгаа “ганцаараа үх” гэж тавлаж
Үхлийн өлөн зардсаас доор авирласанда би л буруутай.
Санаж байна уу ааваа тэр хар өдрийг
Хэлэхэд ч хэл урагдам муухай үгсийг
Хэдэн жилийн өмнө таньдаа би хэлсэн.
Босго өшиглөн гарч явахдаа би хэзээ ч
Бэх цаас бариад ийнхүү бичнэ гэж таагаагүй.
Он жилийн уртыг та минь яаж өнгөрөөгөө бол.
Одоо нэгэнт арван жилийн хар түүх бичигджээ.
Хорин насны аархал гэж үүнийг хэлэхгүй ээ.
Хувь заяаг өөрийнхөөрөө бичих гэсэн миний уучламгүй алдаа.
Тахимдсан цаг хугацааг буцааж болдоггүй энэ орчлонг
Таньдаа уурладаг байсан шигээ хараагаад ч буцаад ирэхгүй.
Ганц хүүгээс нь өөр харах хүнгүй танийгаа яав гэж нэг ч сураг тавиагүй.
Харин тависан өрөө эцгээс ав гэж яллахаа би мартаагүй.
Уусан архи, хүүхэндсэн шоу болгоныхоо төлөөсийг аавруугаа явуулахдаа
Ууруудаж хөл толгойгоо алдсан хүүгээ хараг гэж бахлаж
Таны хар дарсан зүүд байхыг хүсэж
Таныг үхэвч ясыг тань амраахгүй дээ гэж өөртөө амладаг байлаа.
Ааваа, авсан цалингаасаа хэдийг нь өөртөө хэрэглэдэг байсан бэ.
Ахиад амьдрал зохиоё гэж та бодоогүй гэжүү.
Тэгж их хүсээд байсан ээжийг нь таалагдсан нэгэн бүсгүйгээр хийчихээд
Тэвчимгүй хоосон сэтгэлийн жавраа эмэгтэй хүнээр үргээлгэхгүй яаваа.
Алдаж хүн биш болсон хүүгийнхээ хойноос өвгөн болтлоо зүтгэхдээ
Амлалтын төлөө юу ? ээжид өгсөн
Аль эсвэл ачлалгүй хүүдээ тийм их хайртайнх уу.
Хайрлах тусам үзэн ядна гэж хэлсэн үгийг минь ч та тоолгүй
Хамгийн сайхныг хүүдээ хүсч, бурханд даатгахаа ч мартаагүй .
Одоогоос найман жилийн өмнө би согтуудаа
Өсөж төрсөн гэрийнхээ хажуугаар эргэж ч харалгүй гараад
Утаатай бор даавуун бүрээсрүүгээ нэг нулимчихаад
Урд айлын таны найз өвгөнийхөөр архи горьдож орсон.
Аавын дайтай бууралруу согтуу нүдээр харж
Архи нэхэж , баашилж уйлж уяраана гэж би бодсон.
Ухаант буурал намайг хүүгийнхээ адил хайрлаж
Ухаарлын сүлдгүй надад таны тухай хэлсэн.
Газар дээрх хүүгийнхээ үрийг нь л харчихаад үхэхсэн гэж
Ганцхан чин хүслээ та минь халамцуудаа хэлдэг гэсэн.
Сонсох чимэггүй ч хүү нь тэр үед
Солиотой өвгөн зөнөчихөж гэж цамнасан.
Аав чинь эмнэлэгт байгаа , чамайг хүлээж байгаа гэхэд
Адгийн шаар хүү нь таныг “үхээсэй” гэж хараасан.
Эмнэлэгт зовж шаналж байх хойгуур тань хүү нь гэртээ ороод
Эндээс юу авч болох бэ гэж гэрээ нэг тойруулан харсан.
Таныг жоортой гэж, бүр хаана хийдгийг тань мэддэг болохоороо
Танил үнэртэй багын баривчинд минь хийж хадгалсан.
Талхны цайны мөнгөнөөсөө хэмнэсэн, хөлс шингэсэн хэдхэн төгрөгийг
Талыг нь ч биш бүгдийг нь хоослоод авчихсан.
Эхнэр авахад минь хэрэгтэй гээд бэлдчихсэн байсан таван ханатыг балга хар уснаас өгөөд
Эргэж ч харалгүй хотын машинд суугаад арилаад өгсөн.
Харьж гэртээ ирээд цусаар уйлсныг тань би хожим сонссоон.
Харамч амьтан аваад нөгөө ертөнцөд морилох гээ юу гэж хараагаад өнгөрсөн.
Харамссан зүйл нь эд мөнгө биш хүү нь байсан гэдгийг тэгэхэд ойлгоогүй ээ би .
Хатуу хорвоо миний аавд даанч тэнэг хүү заяаж дээ.
Одсон он жилүүдэд яажшуухан амьдарсныг тань би асууж зүрхлэхгүй ээ ааваа.
Асуух ч хэрэггүй.
Одоо ч гэсэн таныгаа ямархан байгааг хүү нь мэднээ.
Таах ч хэрэггүй .
Ааваа хүү нь одоо эцэг болох гээд
Амрагийнхаа зөөлөн хайранд хүүхэд мэт нялхраад
Өнөө маргаашгүй төрөх хүүгийнхээ сайн аав нь байхын тулд
Өөрийнхөө төлөө бус хүүгийнхээ төлөө би таниасааа уучлалт гуйж байна.
Ядаж ганцхан ачийнхаа зулайг үнэрлэхсэн гэлүү ааваа
Яалаа гэж та минь арван ач үнэрлэх хувьтай хүн.
Төрөө ч үгүй үрээ би ингэж хайрлаж байхад
Төрүүлсэн намайгаа та минь ямар их хайрладаг бол.
Хажууд минь байгаа эхнэрээ би ингэж их санаад байхад
Хагацаж одсон ээжийг минь та ямар их санадаг бол .
Эхнэр минь миний муу муухай бүхнийг минь мэднээ, надад нуух эрх байхгүй .
Эцэг таны уужим их хайрыг ч мэднэ, таньд минь нуух юм байхгүй.
Ээж гэж жүжиглэсэн өнгөрсөн гучин жилийг би цэг болгон эцэслэж.
Энэ хорвоод дэргэд минь байгаа бурхан аав таныгаа л хайрламаар байна.
Аль эрт хорвоог орхисон ээжийг чинь амилаая гэж тэр бурхан нь надад амласан ч
Энэний төлөө л чи аавыгаа буруутгаж зовоосон биздээ гэж мянган удаа асуусан ч
Аав таньтай минь учраад хайраар жаргаж намайг төрүүлэн таньд үлдээсэн
Азтай тэр нэгэн зэлуухан бүсгүйг сэтгэлдээ тээгээд, таныгаа л хайрламаар байна .
Дэргэд минь нойрсох амрагынхаа амьсгалд дулаацаад
сэрээчихвий гэсэндээ
Дэнсэлсэн зүрхний цохилтоо хорьж ядан байна би дурлачихжээ.
Ааваа би амьдралд дурлачихжээ.
Амгалан энэ шөнийн юм бүхэнд дурлачихжээ.
Амрагийнхаа зөөлөн хайранд нь дурлачихжээ.
Аав таныхаа намайг хайрласан хайранд тань дурлачихжээ.
Бүрхэг тэнгэрийг ч цэлмээж чадах аавынхаа агуу их хайранд би
Бүтэн гучин жил согтуу явжээ.
Гучин жил миний төлөө л гэж шаналсан зүрхийг тань үгийн, үйлийн мунхагаар шархлуулчихаад
Гутрал хилэн, бор дарс, өнгөнд дурлагч хүүхнээр сэтгэлээ дүүргэж байжээ.
Одоо надад, миний сэтгэлд тийм зай алга.
Орчлонд надад байгаа аав та , миний хань, үр гурав
Зай завсаргүй сэтгэлийг минь нягт барьчихаад
Замбуулин хорвоог хайраар дүүргээд байна.
Хүн ганцхан төрдөг гэж энэ худлаа.
Хүсвэл дахин төрдөг гэдгийг би мэдлээ.
Амьсгалах агаар , ундлах ус намайг тэжээж байсан ч чамладаг байсан би урьд нь .
Алгасаж намайг , өөр бусдыг тэтгэсэн ч хайрлаж чаднаа хүү нь одоо .
Ганцхан би амьдардаг гэж сохор итгэсэн би үүнийг ухаарсан ч
Газар дээр үлдэх ижил бусаддаа хэлэхгүй одож чадахгүй нь.
Хариу нэхэлгүй намайг хайрласаар ирсэндээ та минь цөхрөөгүй
Хайрыг тань ганцаараа авсандаа хүү нь цадаагүй.
Жаргал даадгүйн амьд үлгэр би болон
Зовлонг даадгийн гашуун түүх та минь болжээ.
Ааваа хүү нь өнөөдөр л гэнэт ухаармагцаа ингэж өчөөгүй ээ.
Архитай урссан он жилүүдээ би цагаатгах гээгүй ээ.
Уруудаж дордох зам нь дардан, өргөн байдаг ч гэсэн
Өөдлөж өгсөх жим нь бартаатай бөгөөд нарийн юмаа.
Хүү нь таныгаа нууцаар олон удаа харсаан .
Хүн шиг хүн болчихоод таньдаа ирнэ гэж түүнээс олон амласан.
Хүүдээ гэж хураасан мөнгийг тань аваад эргэж харалгүй одсон нэг өдөр байсан бол
Хэзээ ч амсуулж байгаагүй хайраа тээгээд хүү нь аавыгаа авахаар очих өдөр байна.
Азгүй тэнэг хүүгээ гэнэтхэн харахаасаа өмнө
Амьд сэтгэлийн үгтэй захиаг минь уншаарай.
Хүү минь өвөө гэж хэлд ороосой гэж би хүсч байна
Хүү тань ааваа , аав минь, миний аав гэж чанга тэврэхийг хүсч байна.
Амьд бурхан аавдаа .....
Ачлалгүй тэнэг хүүгээс нь
Зүүдээ шүлэг болгон амилуулав.