Үрчлээнээсээ салах гэж нүүрээ зүсүүлж эсвэл тариа хийлгэж тарчлах
шаардлагагүй болж байна. Элдэв гоо сайхны мэс засалгүйгээр бүсгүйчүүд
маань мөнхийн дайсан үрчлээнээс төвөггүй салж болохоор болж. Арьсыг уян
хатан үрчлээгүй байлгаж байдаг гол зүйл бол коллаген. Коллаген нь
арьсны бүтцийн 70-80 хувийг бүрдүүлдэг агаад дөрвөн төрлийн коллаген
арьсыг уян хатан байлгах үүрэг гүйцэтгэдэг. 25-аас дээш настай хүмүүс
жил бүр нэг хувийн коллагенаа алддаг тул арьс нь жил ирэх бүр үрчлээтэж
эхэлдэг. Иймээс жил ирэх бүр алдагддаг коллагенийг нөхөх аргыг эрдэмтэд
хайсаар өнөөг хүрсэн. Тэгвэл хүний нүүрний арьс үрчлээтэхдээ амархан
байдаг бол харин бөгсний арьс хэдий нас дээр гарсан ч үрчлээтэх нь
бараг үгүй байдаг нь эрдэмтдийн сонирхлыг татжээ. Хэдийгээр өнөө үед
үрчлээг арилгахын тулд пластик мэс засал хийж, тариа тарьж янз бүрээр
оролдож буй ч аль нь ч төгс үр дүнд хүрээгүй байгаа. Гоо сайхны
хагалгааны дараа хэсэг хугацаанд үрчлээгүй байдаг ч дахиад өнөөх гайхал
гарч ирж зовлон уддаг. Гэвч бөгсний арьсандаа бүсгүйчүүд тэгтлээ их
анхаарал халамж тавиад бөөцийлөөд байдаггүй ч өтлөсөн ч үрчлээгүй
толигор хэвээр байдаг. Энэ арьс арчилгаа тордлогоогүй хирнээ залуу
сайхнаараа байдаг нууц нь ердөө л хүмүүс бөгсөөрөө суудагт байдаг гэвэл
та итгэх үү. Чухамхүү хүн бөгсөөрөө сууж арьсандаа даралт өгдөг
болохоор коллагены ялгаруулалт нэмэгддэг гэдгийг Английн эрдэмтэд аль
хэдийн нотлоод байна. Энгийн үгээр тайлбарлах юм бол арьсны эд эсэд
даралт өгөхөд тэдгээр нь амьдрахын төлөө тэмцэл даралтыг эсэргүүцэж
“тулалдаж” ингэснээр уян хатан чанар нь улам сайжирч нэг ёсондоо хат
суудаг. Нүүрний арьсыг бөгсний арьс шиг хат суулгаж үрчлээгүй байлгахын
тулд даралт өгөхийг эрдэмтэд зөвлөж байгаа юм. Саяхан л доошоо харж
унтахад нүүр үрчлээтдэг гэж онолддог байсан бол одоо энэ онол 360
градус эргэж нүүрнийхээ арьсанд даралт өгөхийн тулд харин ч доошоо харж
унтах нь сайн хэмээн зөвлөх болж.