Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XVIII хэсэг
Оюунчимэг байшингаас гарч гүйж завдсангүй. Учир нь гарах хаалгыг Галсан халхалж зогсоод
өөрийг нь алах гэж занаж байсан учир тэрээр аргагүй дээд давхар луу хөлийн хурд мэдэн
зугтлаа. Галсан түүний араас саяхан эхнэрийн нь аминд хүрсэн хутгыг гартаа чанга гэгч нь
атгасаар “Шулам минь, хоолойг чинь хэрчээд өгье л дөө” хэмээн мацсаар. Галсангийн нүүр нь
цус хөлс нулимстай хутгалдсан нь гэрэл муутай харанхуй байшинд үл мэдэг ялгаран харагдах
шиг. Жигтэйхэн том биетэй ийм булиа залуу нүд нь цусаар эргэлдэн өөрийг нь алахаар хутга
барин элдэж байгааг харахаар эгээтэй л зүрх нь зогсчихоо шахна. Оюунчимэг хоёр давхарт
гарах хамгийн дээд талын гишгүүр дээр гишгих тэр агшинд Галсан өнөөх хурц хутгаараа хөлийн
нь булчинг зүсээд амжив. Ингэхдээ Галсан шатанд бүдэрч унаад Оюунчимэгийг хараахан барьж
авч чадсангүй. Оюунчимэг хазганан гүйсээр өнөөх өөрийнхөө орогноод байсан өрөөндөө
ороод хаалгаа дотроос нь түгжлээ. Тэгмэгцээ нэг гүнзгий амьсгаа аваад өөрийн нь хөлнөөс
айхтар их цус алдаж байгааг сая анзаарч харав. Цус маш их олгойдон гоожиж байгааг хараад
эгээтэй л ухаан алдчихсангүй. Оюунчимэг хаалгаа нуруугаараа налан суужээ. Энэ өрөөний
гэрэл харин асаалттай байх бөгөөд түрүүхэн өөрийгөө энд сууж байснаа Оюунчимэг огтхон
ч санахгүй байлаа. Өрөөний шалан дээр энд тэндгүй махны цус дусалсан харагдах агаад нэг
буланд нь дутуу хэмлэж зулгааж орхисон түүхий махны өөдөс харагдав. Гэхдээ энэ бүхнийг
өөрөө үйлдсэн гэдгээ Оюунчимэг үнэндээ л төсөөлсөнгүй. Түүний нүүр нь гэсэн махны цусанд
халтардаж хачин аймшгийн болж хувирсныг харин өөрөө мэдсэнгүй. Ингэтэл гэнэт Галсан
хаалгыг нь цаанаас нь хүчтэй мөрлөх нь тэр.
-Гичий минь хаалгаа тайл. Би чамайг ална аа хэмээн занах Галсангийн дууны өнгө өөрийн нь
мөн үү гэлтэй. Оюунчимэг хаалгаа налан суусан хэвээр.
-Галсан ахаа битгий л дээ. Би гуйж байна. Намайг битгий ал, би танд ямар ч муу юм хийгээгүй
шүү дээ
Энэ гуйлтын хариуд Галсан хариу ч хэлсэнгүй. Хаалгыг нь хүчлэн балбаж зөвхөн “ална аа”
хэмээн амандаа үглэнэ. Ингэхэд нь Оюунчимэг ёстой л нэг нус нулимсандаа хутгалдан хаалгыг
хамаг чадлаараа даран зогслоо. Тэгснээ амь авраарай, намайг алах нь. Хэн нэг нь туслаач
дээ хэмээн хоолойныхоо хамаг чадлыг бартал орилов. Энэ үед Галсан өнөөх хутгаараа нимгэн
модоор хийсэн хаалгыг нэвт дүрэхэд тэр нь яг Оюунчимэгийн гарын алгыг зоож орхижээ.
Оюунчимэг муухай хашхиран чарлав. Түүний энэ орилох дуу үнэхээр зүрх зүсэм, яг л амьдаараа
шатаж байгаа адгуус амьтан ингэж гаслан чарлах болов уу гэмээр. Галсан хутгаа сугалж аваад
ахин бүлэв. Гэхдээ энэ удаад Оюунчимэгийг оносонгүй. Оюунчимэг ч хаалганаас холдож
амжжээ. Гарын нь алгыг нэвт зоосон балиусаа сугалж авах тэр агшинд үнэхээр гол тасрав уу
гэлтэй аймшигтай их өвдсөн учраас Оюунчимэг ийнхүү яалт ч гүй хаалганаас холджээ. Бас
дахин балиусаараа нэвт зоож мэднэ гэж болгоомжилсондоо ч тэрээр хаалганаас холдсон байж
мэдэх. Харин хаалганы гадна байгаа Галсан улангасан чарлаж хутгаараа хаалгыг хэд хэдэн
удаа хүчтэй бүлээд зогсоо зайгүй өшигчсөөр тэр доор нь нээж орж ирлээ. Оюунчимэгийн гар
хөлнөөс нь цус тасралтгүй урсаж тэсэхүйеэ бэрх өвдөж байв. Тэрээр өрөөний цонхонд нуруугаар
тулж иржээ. Галсан хутгатай гарынхаа ар талаар нүүрээ арчаад өөр лүү нь шийдэмгий хэрнээ
алгуурхан дөхлөө.
-Чиний нөгөө миний махаар хоол хийж өгнө гэсэн Батжаргал ах чинь хаана байна. Хоёуланг
чинь мөчлөөд өгье
-Галсан ахаа та юу яриад байна аа. Намайг битгий алаач дээ. Би яасан юм бэ?
Галсан харин энэ асуултанд хариулсангүй. Гэхдээ энэ мөчид түүнд гэнэт эргэлзэх сэдэл төрөв.
Өөрийгөө юу хийж байна аа хэмээн хянаж зогтуслаа. Харин Оюунчимэг өөрийгөө ямар ч
авралгүй болсон гэж бодов бололтой Галсангийн гарт амиа алдсанаас өөрийгөө хороохыг илүүд
үзжээ. Тэгмэгцээ цонхныхоо шилийг нүцгэн гараараа хага цохиод хэлтэрхийг нь хоолойдоо
дүрж орхив. Цонхны шилэнд цус үсрэн будагдаж яг л түрүүний Хэрлэнгийн үхэлтэй ижлээр
Оюунчимэг хоёр гараараа хоолойгоо барин татганан хэвтсээр амьсгал хураалаа. Тэрээр
хэдий амьсгал хураасан ч гэсэн нүд нь хараастай хэвээр байх бөгөөд хүзүү гар хөлнөөс нь
цус асгарсаар байв. Галсан хутгаа шалан дээр алдлаа. Цонх руугаа дөхөж очоод хартал өнөөх
хөрш эмгэн бололтой хэн нэгэн этгээд ум хумгүй хашаанаас яаран гарах нь харагдав.Тэр эмгэн
Галсанг алуурчин гэж бодсон бололтой.Галсан ч эмгэнтэй уулзаж учир явдлаа тайлбарлаж
тусламж дэмжлэг хүсье гэж өөртөө хэлээд гүйн гарлаа. Хашаанд хэн ч байсангүй, бас эмгэний
араас гүйцэж очлоо гэхэд эмгэн өөрт нь огтхон ч итгэхгүй харин ч бүр айчихна гэж бодоод
зогтусав. Галсан эргэж байшинд орж ирлээ. Энэ үед бүр шөнө болсон байлаа. Хотоос зайдуу
зэлүүд газар учраас хүн машины хөдөлгөөн бүр татарчээ.
Галсан охиных нь унтлагын өрөөнд хайртай эхнэрийн нь цусанд будагдсан цогцос байгааг гэнэт
санав. Гэрийнхээ босгыг даван орж иртэл унтлагын өрөөний хаалга хаалттай байлаа. Түрүүн
Оюунчимэгийн араас улайран хөөхдөө хаасан байна гэж баймааргүй санагдана. Ямартай ч
Галсан очоод хаалгыг нээж үзэхээр шийдэн дөхөв. Хаалгыг нээх гэснээ нэг л жийрхэхэд тэрээр
эхнэрийнхээ үхсэн байхыг харах болохоор ингэж жийрхэж байгаа хэрэг гэж өөртөө хэлээд
хаалгыг түлхлээ. Өнөөх сүнс чөтгөр гэж нэрлээд байдаг Цэнгэл охин айхтар түлэгдсэн бололтой
нэг нүцгэн эртэй хамт эхнэрийн нь цусыг сорж махыг нь тасдан идэж байх нь тэр. Тэд Галсанг
орж ирснийг ч анзаарсангүй. Үе үе үзэгдэж байсан Цэнгэлийг яая гэхэд хажууд нь зэрэгцэн
сууж эхнэрийн нь цогцсоор хоолож байгаа түлэнхий нүцгэн эр тэсэхийн айдас төрүүлж байв.
Тэр аймшгийн эр өнөөх Галсангийн зүүдэндээ үзсэн этгээд яг мөн байлаа. Галсан тэссэнгүй. Ер
нь энэ аймшгийн нүд хальтрам дүр зургийг хараад хэн ч тэсэхгүй нь ойлгомжтой билээ. Хана
шал нь Галсангийн нүдэн дээр нь дайвалзан толгой нь эргэж ухаан балартан уналаа.
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XIX хэсэг
Энэ шөнө нойтон цас хаялж байлаа. Бүх юм дууссан гэж батлах гэсэн мэт хорвоо дэлхий тэр
аяараа нэг л нам гүм тэгсэн хэрнээ дүнсийн барайж уйтгар гунигт бүрнээ автан үнэгчлэн
нойрсох мэт. Үүр цайж гэгээ орох хараахан болоогүй байв.
Галсан энэ мөчид сая нэг ухаан оров. Тархи толгой нь аймшигтай ангалзан өвдөж хамаг бие
нь сульдан буларчээ. Өрөөнд хав харанхуй байх агаад тэрээр ухаан ормогцоо түрүүн эхнэрийн
нь цогцсыг идэж байсан хоёр этгээдийг байгаа эсэхийг нягтлах гэсэн бололтой хоёр нүдээрээ
орчин тойрноо нэгжин харав. Гэхдээ боссонгүй. Өрөөнд хэн ч байхгүй байх агаад нэгэн хар
бараан дүрс ямар ч хөдөлгөөнгүй дүнсийн хэвтэж харагдах нь Хэрлэнгийн цогцос гэдэг нь
тодорхой байлаа. Галсан ийнүү ухаан орсон эхний мөчдөө өөрийгөө магадгүй үхчихсэн юм
болов уу хэмээн эргэлзэж байсан ч удалгүй бүх бодит орчинтойгоо эвлэрлээ. Хэдэн цагийн
өмнө яг өөрийн нь нүдэн дээр эхнэрийг дүү нь алчихсан, бас тэр дүү нь ч гэсэн хүүе гэхийн
завдалгүй амиа хорлочихсон нь санаанд нь бүдэг бадаг орлоо. Энэ бүгдийг үнэндэ зүүд
байгаасай хэмээн эрхгүй хүссэн ч харамсалтай нь аргагүй бодит явдал гэдгийг Галсан сайн
мэдэж байв. Тэрээр алгуурхан өндийлөө. Түрүүн эхнэрийг нь тасчин идэж байсан өнөө хоёр
харин үнэхээр байсан юм болов уу гэдэгт Галсан эргэлзэж байв. Ямартай ч түрүүн ухаан
балартан унахын өмнө өрөөний гэрэл асаалттай байсан авч одоо унтарчээ. Түрүүний хоёр
унтраасан юм болов уу гэж бодохтой зэрэгцэн нүүрээр нь хүйтэн хөлс дааварлаад ирэв. Үнэндээ
Галсан битгий л тийм зүйл болсон байгаасай эрхгүй хүсч байсан ч юутай ч өрөөний гэрлийг
асаахар зориг шулуудав. Толгой нь аймшигтай эргэн газар дайвалзаж байсан ч шүдээ зуун
унтраалга руу очив. Чаг чаг хийлгэн хэдэнтээ дарж үзсэн ч гэрэл ассангүй. Чийдэн шатсан
эсвэл ток тасарсан хоёрын аль нэг нь болж дээ гэж Галсан дотроо бодоод Хэрлэнгийн цогцос
гулдайн хэвтэж байгаа зүг рүү эргэлээ. Тэрээр нойтон шалан дээр гишгэн нэг хоёр алхаж
байхдаа энэ нь эхнэрийн нь цус гэдгийг сайн мэдэж байв. Ингээд Галсан нэгэнт амьгүй болсон
Хэрлэнгийн биенд хүрэх гэснээ гэнэт больж зүгээр л орны бүтээлгээр бүтээж орхив. Эхнэрийг
нь идсэн эсвэл үгүй хоёрын алиныг нь ч мэдсэнгүй. Магадгүй эхнэрийнхээ цогцсыг хэн нэгэн
идсэн байхыг харахаас зүрх алдсан хэрэг биз ээ. Галсан Саруулын унтлагын өрөөнөөс гарлаа.
Галынхаа өрөөнд ормогцоо гэрлийн унтраалгыг дарахад харин өрөө гэрэлтэй болох нь тэр.
Галынхаа өрөөний өнөөх хоолны том ширээгээ шанаагаараа дэрлэн сууж болсон бүх явдлыг
толгойдоо эргэцүүлэн сэргээх гэж оролдов. Энэ бүх амьдралынх нь сүйрэл муу бүхэн энэ адын
байшинд нүүж ирснээс л эхэлжээ. Ялангуяа энэ зоорь. Хэдийгээр одоо дөрвөлжин модоор
шалтай нь холбон хадсан ч энэ дотор урьд өмнө хэзээ нэгэн цагт болж өнгөрсөн муу ёрын
зүйлийн нууц хадгалагдаж байгаа мэт Галсанд санагдана. Үнэндээ эхнэрийнхээ гэнэтийн
харамсалтайгаар үхэлд маш их цочирдсон ч үүний хажуугаар энэ болсон бүх муу явдлуудын
учрыг олохыг тэрээр эрмэлзэж байв. Гэнэт Хэрлэнгийн “зоорин доорх шороогоо ухаж үз гэж
Цэнгэл хэлсэн” гэдэг үг Галсангийн санаанд орлоо. Тийм ээ магадгүй энд л энэ бүх муу ёрын
үйл явдлын гол нууц хадгалагдаж байгаа байх нь. Ингээд Галсан энэ бодлоо бататгаж учир
битүүлэг муу ёрын үйл явдлын учир шалтгааныг олохоор зоорины хаалгыг эвдэж эхлэв. Тэрээр
зоорины хаалганы хөндлөвч модыг эвдэж байхдаа түрүүн Оюунчимэгийг үхэх үед хэн нэгэн
болсон бүх үйл явдлыг цонхны гаднаас харж амжсаныг саналаа. Тиймээс удахгүй цагдаа нар
ирээд өөрийг нь баривчилна гэдгийг тааварлав. Тэгэхээр энэ бүхнээс урьтаж учир нь олдохгүй
байгаа муу ёрын энэ шйл явдлуудын учрыг олохоор Галсан хатуу шийджээ. Харин дараа нь
яасан ч яахав цагдаа нар ирээд намайг баривад барина л биз гэж бодно. Тэртэй тэргүй Хэрлэн
Оюунчимэг хоёрын хоёулангийн нь үхэлд өөрийг нь буруутгана гэдэгт Галсан эргэлзсэнгүй.
Харин цагдаа нарт баригдах тэр үед зүгээр л амиа хорлочихно гэж өөртөө хэлнэ. Ингэж
бодмогцоо гэнэт инээд нь ч хүрэх шиг болов. Учир нь түүнд одоо амьд явахын ямр ч үнэ цэнэ
байхгүй болсон бөгөөд зүгээр л өөрийнхөө гэмгүй амьдралын сүйрлийн шалтгааныг олж мэдээд
үхэхсэн гэсэн л сүүлчийн хүсэлтэй үлджээ. Ингэсээр Галсан удалгүй зоорины хаалгыг эвдэж
дууслаа. Өмнө нь Батжаргалтай хамт доошоо буухдаа хэрэглэж байсан шатаа яг тэр чигээр
орхисон нь энэ удаа харин зол болов. Галсан байшингийнхаа гадна түшүүлж орхисон хүрз,
жоотуу хоёрыг гарч аваад буцаж галынхаа өрөөнд орж ирлээ. Ингэхдээ тэр хаалга нь хаалттай
байгаа Саруулын унтлагын өрөөний зүг ч харсангүй. Сэтгэл нь бүрэн уймарч ямартай ч эцсийн
хүчээ шавхаад ч хамаагүй зоорин доорх шороог ухаад дараа нь хурдхан үхэхсэн гэхээс байж
ядна. Ингээд Галсан зоорины гүн рүү хүрз жоотуу хоёроо унагаад араас нь галын өрөөний
шургуулганд байсан гар чийдэнг барьсаар шатаар уруудлаа. Энэ удаад Галсанд ямар ч айдас
төрсөнгүй. Алдах юмгүй болсон хүнд айдсын мэдрэмж төрдөггү бололтой. Өмнө нь Батжаргалтай
хамт бууж байхдаа нэг л жихүүцэж байсан бол одоо огтхон ч ажралгүй маш хурднаар бууж
зоорины ёроолд тулж ирэв. Газар бүр хөлдүү биш ч гэсэн ухахад маш төвөгтэй хатуу байлаа.
Галсан амсхийх сөхөөгүй жоотуугаараа газар балбаж доошоо бага багаар ахиулсаар. Хэдий
цаг шахам ноцолдсон ч зоорины ёроолын шороон доороос юу ч гарч ирсэнгүй. Гэсэн ч Галдсан
огтхон ч эргэлзэх юмгүйгээр хүрз жоотуугаараа ээлжлэн ухсаар. Тэгснээ үе үе гар чийдэн
тусган харж ямар нэгэн зүйл гарч ирсэн эсэхийг ажиглан харна. Тэгээд л дахин жоотуугаараа
балбаж гарна. Гэтэл хөлдүү шороо жоотууны ирэнд өртөн цохигдож байснаа нэгэн лүгхийсэн
бөглүүдүү чимээ сонсогдож ямар нэгэн өөр зүйл цохигдох нь тэр. Галсан жоотуугаа орхин
яаран гар чийдэнгээ тусгаж харлаа. Хүний цогцос байх бөгөөд Галсан жоотууныхаа ирэр тэр
цогцсын яг толгойн тушаа газар нь зоожээ. Хувхайрч өгөршсөн толгой бас нэгэн гарын сарвуу
ил цухуйсан харагдана. Ингээд Галсан цаашаа лавшруулан хүрзээрээ малтаж гарах нь тэр.
Одоо бүх юм тодорхой ив илхэн харагдахаар болов. Том жижиг хоёр хүний цогцос байх бөгөөд
энэ цогцосноос бараг л дан ганц яс нь үлджээ. Том жижиг хоёр чөтгөр юм биздээ гэж Галсан
өөртөө хэлээд хүйтэн шороон дээр тамирдан хэвтлээ. Өмнө нь хар дарж зүүдлээд сэрэхдээ
охиныхоо цамцны товчийг атгачихсан байснаа энэ агшинд санаж магадгүй энэ хоёр цогцосны
сүнс л өөрсдийнхөө буруу газар булагдсан шарилаа олуулж хойд төрлөө олон гэсэн үйлдэл
байсан юм болов уу гэж тааварлаж байв. Тэр Цэнгэл гэдэг нэртэй биежсэн сүнс бас тэр зүүдэнд
нь үзэгддэг түлэнхий царайтай аймшгийн эр хоёр энд байжээ. Энэ хоёрын сүнс л бидний
амьдралыг баллаж гүйцсэн байх нь. Гэхдээ энэ хоёр цогцос яагаад энд булагдсан юм болоо.
Галсан өөрөө өөрөөсөө асуусан энэ асуултаа өөр хүн хажууд нь байж гэмээнэ дуулдахуйц
чанга дуугаар хэлэв. Ингээд Галсан энэ асуултынхаа хариуг олж чадалгүй зоориноос гарахаар
дээш мацлаа. Шатаар дээшээ өгсөхдөө байрны хуучин эзнийг олж уулзаад энэ бүхний учрыг
асуух хэрэгтэй гэж бодов. Ямартай ч энэ бүхний учрыг заавал олчихоод үхэхсэн гэсэн бодол
толгойд нь эргэлдэж мацсаар сая нэг галынхаа өрөөнд авиран гарч ирлээ. Гэгээ оржээ. Бодвол
өглөөний зургаан цаг өнгөрч байгаа бололтой. Одоо харин яахаа эргэцүүлэн бодож гараа
өмднийхөө халаасанд хийхэд өчигдрийн Хэрлэнгийн авсан утасны карт хуруунд нь тэмтрэгдлээ.
Гал тогооны өрөөний шүүгээн дээр ч гэсэн яг өөрийг нь хүлээж байх мэт талийгаач эхнэрийн
нь гар утас харагдав. Утасных нь цэнэг хариугүй дуусах дөхжээ. Ингээд өнөөх картаараа утсаа
цэнэглээд хуучин байрны эзний утасны дугаарыг гар утаснаасаа хайж эхлэв. Ашгүй нэг их
хайж сүйд болсонгүй. “Байрны хуучин эзэн” гэсэн нэрээр дугаар нь хадгалагджээ. Галсан ямар
ч эргэлзэх юмгүйгээр залгаж байшинд болсон явдлуудаас үүдэж ялангуяа зоорины талаар
уулзах хүсэлтэй байгаагаа товчхон ойлгуулав. Өнөөх байрны хуучны эзэн ч өглөө эрт залгалаа
хэмээн цааргалсангүй, харин ч бүр ярихыг нь хүлээж байсан бололтой гэрийнхээ хаягийг зааж
өгөөд яг одоо хүрээд ир хэмээн дууджээ. Галсан гэрээс гарахаар завдлаа. Байшинд цусны үнэр
ханхийх шиг л болов. Гэсэн ч тэрээр дээд доод хоёр давхарт байгаа эгч дүү хоёрын цогцсыг
очиж үзэхийг завдсангүй зүгээр л гадуур хувцсаа мөрөндөө углав. Өчигдөр шөнийн эхнэрийн
нь цогцсыг магадгүй үнэхээр тасчин идэж байсан тэр үйл явдал үнэн эсэхийг нягталж үзэх
гэснээ зүрх алдан бодлоосоо татгалзав. Гарах хаалганыхаа өмнө тулж ирснээ гэнэт зогтусч
коридортоо өлгөсөн толинд нүүрээ харав. Толинд харсан өөрийнхөө дүрснээс Галсан цочих
шиг болж өөрийгөө үнэндээ таньсангүй. Нүүр нь цусанд, бас зоорь онгичсон шороотой холилдон
будагдаж хүн харахын эцэсгүй болжээ. Ийм царайтай гудамжинд гарвал хүн битгий хэл нохой
хүртэл хараад айх биз гэсэн бодол Галсанд төрж нүүрээ хүйтэн усаар угаасан боллоо. Одоо л
нэг өөрийгөө танихтайгаа болов. Галсан автобусны буудал руу сажилж очоод хамгийн эхний
микро автобусанд суужээ. Уг автобусанд цөөхөн хүн суусан байх бөгөөд сууж яваа хүмүүсийн
ихэнх нь л хичээлдээ яарсан оюутнууд бололтой. Кондуктур түүнээс мөнгө нэхэхэд Галсан
биедээ ямар ч мөнгөгүйгээ сая саналаа. Тэгмэгцээ ямар ч эргэлзээгүйгээр бугуйндаа зүүсэн
цагаа тайлаад өгчихөв. Кондуктур залуу нэг гайхаж харснаа цагийг аваад чимээгүй боллоо.
Àйшшигийн өгүүллэг. ЗООРЬ XX хэсэг
Галсан микро автобуснаас бууж алхах замдаа хамаг сэтгэл нь хоосон оргиж ухаан нь орж гаран
хурдхан шиг л үхэхсэн гэхээс байж ядна. Ийнхүү сажилсаар 3-4 р хорооллын орон сууцанд
байрлах болсон өнөөх муу ёрын зоорь бүхий хашаа байшингийн хуучин эзнийд ирлээ. Өндөр
туранхай биетэй цагаан царайтай зүс таних залуу Галсанд хаалгаа тайлж өгсөн нь өөрт нь
анх хашаа байшинг худалдсан хүн байв. Галсантай мэндэлсэн боловч Галсан хариу хэлсэнгүй.
Өнөөх зүс таних залуу ч түүнээс хариу үг хүлээсэнгүй гал тогооныхоо өрөөнд Галсанг дагуулан
орж ирээд сандал дээр суулган цай аягаллаа. Галсан тэр цайнд уруулаа ч хүргэсэнгүй. Галсан
үг дуугүй тэр залуу руу хүйтэн харцаар ширтэж байв. Хашаа байшинг Галсанд худалдсан залуу
ч Галснгийн тэр харцыг удаан тэссэнгүй бололтой чухам яг ямар хэргээр өөртэй нь уулзахаар
ирснийг лавлав.
-Анх яагаад тэр байшинг надад тийм хямдхан үнээр яаран зарсан тухайгаа яриач?
-Тэр байшинд цаашид амьдрах шаардлагагүй болоод. Өөрөөр хэлбэл би өөр орон сууц худалдаж
авсан хэрэг л дээ.
-Битгий худлаа ярь. Надад анх тэр байшинг худалдахдаа чи тэр зоорины тухай юу ч яриагүй.
Бас галынхаа өрөөний тавилгуудыг ч зоорины тагийг халхалсан хивсэнцэрээ ч үлдээсэн.
Чухам яагаад тэгсэн тухайгаа яг үнэнээр нь надад хэлээд орхи. Зоорин доороос ямар нэгэн
чимээ дуулдаж хий үзэгдлүүд үзэгдэж байсан болохоор чи тэндээс ум хумгүй нүүсэн биздээ.
Би чамайг буруутгах гээгүй ээ. Ердөө л энэ бүхний учрыг олох гэж яваа болохоор чи надад бүх
үнэнээ хэл
Ингэж хэлэндээ Галсангийн нүдэнд шийдэмгий дүр төрх тодроод ирлээ. Тэгсэн ч өнөөх зүс
таних залуу Галсанд энэ бүхнийг хэлэх шаардлагатай юу гэсэн шиг эргэлзэн харсаар байсанд
Галсан яриагаа цааш үргэлжлүүлэв.
-Тэр хараал идсэн байшинд нүүж орсноос хойø охин минь ор сураггүй алга болж эхнэр минь
үхсэн. Манай нохой ч үхсэн. Үргэлж тэр зоорь луу боргон хуцдаг байсаар нэг өдөр жорлонгийн
нүх рүү унаж үхсэн. Бас дүү маань ч тэр зоорь луу унаад эрэмдэг болсон. Галсангийн яриаг
анхааралтай чагнаж суусан өнөөх залуу “зоорь луу унаад” гэсэн үгийг сонсоод царай нь
хувираад ирлээ. Тэгснээ “Чи зоорийг нээж дотор нь ороо юу?” хэмээн асуув.
-Тийм ээ
-Харин би орох нь байтугай нээж ч үзээүй. Үнэндээ шөнө дунд болод ирэхийн үеэр тэр зоорин
доороос хэн нэгний нүдэх балбах чимээ дуулддаг байсан. Эхнэр хүүхдүүд маань ч шөнө болгон
хар дарж зүүдлээд нэг л учир нь үл ойлгогдох зүйлүүд болоод байх шиг байсан нь үнэн. Гэхдээ
би тэр байшинд тийм ч их удаагүй. Ердээ л ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд байсан.
-Чамаас өмнө ямар хүмүүс тэр байшинд байсан юм бэ?
-Тэр талаар сайн мэдэхгүй. Ямар ч би тэр байшинд орох үедээ өмнөх эзэн нь галзуурчихсан,
сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай олж мэдсэн. Тэр өмнөх эзэн нь уг байшинд их олон
жил амьдарсан гэсэн. Бас тэр хүн л чиний яриад байгаа тэр зоорийг битүүмжилж хадсан байх.
Гэхдээ би түүнтэй уулзаагүй. Тэр хүнээс авлагатай байсан хүнээр зуучлуулан тэр байшинг маш
хямд үнээр худалдаж авсан л даа. Тэгээд л тэр байшинд удааж тэсэж чадаагүй нүүсэн хэрэг.
-Тэнд амьдарч байхад чинь чамд өөр ямар нэгэн зүйл тохиолдож байсан уу. Шуудхан асуухад
ямар нэгэн муу зүйл. Бас тэр дүлий дүмбэ царайлсан хөршүүдийн òухай чи юу мэдэх вэ?
-Тэр хөршүүдтэй нэг ч үг сольж үзээгүй. Хажуу айлынхан биднээс дандаа л цэрвэдэг байсан.
Хавь ойрын хүмүүсээс сураг сонсоход миний амьдарч байсан, одоо чиний байгаа тэр байшинд
хүмүүс ердөө тогтдоггүй дандаа л муу зүйл болдог байсан тухай сонсож байсан. Нэг удаа
гал тогооных нь өрөөнд байгаа тэр зоориноос нэгэн аймшгийн амьтан гарч ирж байна гэсэн
яг ижилхэн зүүдийг эхнэр бид хоёр зүүдэлсэн. Тэгээд л сэжиглээд лам авчирч үзүүлэхэд энэ
байшинд чинь муу хүмүүсийн сүнс шүглэсэн байна гээд л манайхыг хурдан нүү, бас зоорины
тагийг хэзээ ч бүү нээ тэгвэл үхэл дагуулна гэж айлдсан
Галсан энэ үгийг сонсоод анх тэр зоорийг нээсэн мөчөөс эхлэн хайртай нохойноос нь эхлээд
бүгд үхэж үрэгдснийг санан харамсч шүүрс алдлаа. Галсан хэдэн хором бодлогшрон сууж
байснаа үргэлжлүүлэн асуув.
-Новш гэж, тэгээд л чи тэндээс ум хумгүй нүүгээ юу?
-Тийм ээ. Гэхдээ би чамд тэр байшинг зарна гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр л эхнэр маань хашаа
байшингаа зардаг ч юм билүү гээд ажлынхаа хүнд хэлэхэд танай эхнэр чинь тэр хүнээс нь олж
сонсоод анх сонирхсон . Би авсан үнээрээ л зарна гэж бодоод тийм хямд үнэ хэлсэн хэрэг л дээ.
Шуудхан хэлэхэд би өөрөө хохиролгүй үлдэхийг хүссэн. Гэхдээ чамд ямар нэгэн муу муухай
явдал болно гэж зөгнөж зараагүй. Магадгүй өөр хүн тэр байшинд орвол зүгээр ч байх юм
билүү л гэж бодож байсан. Одоо харин би чамд тохиолдсон бүхэнд чинь харамсаж байгаагаа
хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ чамаас уучлах гуйх шаардлага байхгүй гэж бодож байна.
Ингээд Галсан тэр залуугаас дахин өөр зүйл шалгаасангүй гарч одлоо. Угаасаа л том жижиг
хоёр чөтгөр шүгэлсэн муу ёрын байшин байж л дээ гэж өөртөө хэлэн алхаж байв. Тэрээр нэг л
мэдэхэд Шар хадны сэтгэцийн эмнэлгийг чиглэн алхаж байлаа. “Муу хүмүүсийн сүнс шүглэсэн
байна гэж хэлсэн гэнэ ээ? Тэгвэл тэр хүмүүсийн нь тухай олж мэднэ дээ” хэмээн тэрээр өөрөө
өөртөө хэллээ. Галсан эмнэлгийн үүдэнд тулж иржээ. Үе үе толгой нь эргэж бодит орчноос
тасрах шиг болж байгаа тэрээр өөрийгөө бас юу юунаас илүү тэр чөтгөрийн байшинг сэтгэлдээ
хараан зүхэж байлаа. Галсан эмнэлгийн манаачид хүнтэй уулзах гэж байгаа гээд азаар амархан
дотогшоо нэвтэрчээ. Галзуурч сэтгэцийн өөрчлөлтөнд орсон хүмүүсээр дүүрсэн энэ эмнэлгийн
тасгуудаар тэрээр нэг мэдэхэд л тэнэж байх нь тэр. Ухаан нь орон гаран болж эхнэр охин нь
нүдэнд нь үе үе үзэгдэхэд Галсан энд чухам яах гэж ирсэн зорилгоо ч мартаж орхив бололтой.
Гэнэт Галсангийн сонирхлыг эрхгүй татаж тарж бутарсан ухааны нь цуглуулахад хүргэсэн
нэгэн үйл явдал болсон нь нэг галзуу этгээдийн яриа байлаа. Галсан тэр хүний яриаг чагнаад
эрхгүй зогтуслаа
-Муу новшийн хараал идсэн зоорин доороосоо хурдхан шиг гараад ирээч ээ. Чамайг тэр доор
үхсэн хэвтэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ л чи шөнө болохоор тэр хүйтэн зоориноос гарч
ирэх гэж зүтгэдэг биздээ. Бас чиний тэр охин ч гэсэндээ юугаа хийгээд там руугаа тонилохгүй
сүнс нь намайг ээрээд байгаа юм бэ аан? Хэмээн хараан зүхэж байгаа нь хаалга нь хагас
нээлттэй өрөөний цаанаас тодхон сонсогдож байв. Галсан өрөөний хаалгыг гүйцэд нээж
харахад хижээлдүү насны халзан толгойтой эр шал руу ширтэн дээрх яриагаа үргэлжлүүлэн
хараан зүхсээр байв. Галсан өрөөнд орж түүний дэргэд дөхөж ирлээ.
-Та тэр зоорины тухай өөр юу мэдэх вэ? Гэж Галсан асуув. Өнөөх халзан толгойтой галзуу эр ч
Галсанг тээршаасангүй. Харин ч өөрийг нь хэн нэгэн тоосон явдалд баярлав бололтой Галсан
руу харан үргэлжлүүлэн ярилаа.
-Чи тэр байшинд миний дараа очиж амьдарсан байх нь ээ. Ха ха би мэдэж байна. Яав тэр хараал
идсэн новшийн зоорийг нээж үзээ юу? Хэмээн асуусан ч Галснгийн хариулахыг хүлээлгүй
яриагаа цааш үргэжлжлүүллээ.
-Битгий тагийг нь нээгээрэй. Тэр хараал идсэн зооринд чинь муу ёрын махчин хүний сүнс
хоригдсон байгаа. Хэрвээ нээх л юм бол чи дуусна гэж мэд. Үл таних халзан эр ингэж хэлээд
долоовор дунд хуруунуудаа нийлүүлэн хоолойгоо хэрчиж үзүүлэв. Бас нэг новшийн охин тэр
зоорийг нээх гэж чамайг ээрэх байх.
-Гишгэсэн мөр нь цасан дээр үлддэггүй тэр охин уу?
-Дүү минь дээ, чиний нүдэнд асар их зовлон хурсан харагдаж байна. Чи тэр хараал идсэн
байшинг ялангуяа тэр зоорийг заавал шатаадаг юм шүү. Миний ярианд энэ хүмүүс итгэхгүй
энд ингээд хорьчихсон юм. Бушуухан шиг очоод шатаа. Тэгэхгүй бол олон хүмүүсийг сүйд
хийж мэдэх гайтай байшин шүү. Заавал шатаа. Муу ёрын сүнс орогносон газрыг шатаахгүй
бол тэр нь биеждэг гэдэг. Аягүй бол одоо чамайг энд ингээд явж байхад чинь биежээд эхнэр
хүүхдийг чинь цусалж байж мэднэ.
-Тэр байшинг анх хэн барьсан юм бэ? Ялангуяа тэр зоорийг хэн ухсан юм та юу?
-Тийм ээ чи яаж таав аа. Би барьсан юм, би ухсан юм. Харин гай болж тэр новшийн шатаж
¿хсэн махчны үхсэн газар байшингаа барьснаа даанч мэдээгүй. Чи тэр байшинг олон юм
ярилгүй хурдхан очоод шатаа. Дуулав уу чи. Одоо эндээс зайл.
Халзан толгойтой галзуу эр ингэж хэлээд тачигнатал хөхрөөд ирлээ. Тэрээр инээж байãàа
хэрнээ нүднээс нь нулимс урсаж байх аж. Тасралтгүй инээж байснаа юу ч болоогүй юм шиг
гэнэт зогтусч төв царайлан Галсан руу айсан нүдээр ширтлээ.
-Муу ёрын чөтгөр орогнох газраа олчихоороо улам хүчирхигждэг. Цаад новш чинь газар доор
байхдаа улам хүчирхэгжиж магадгүй биежсээр байгаа. Тэгсээр нэг л өдөр гараад ирнэ. Түүнийг
хэн ÷ зогсоож чадахгүй. Ямар ч цоож түгжээ түүнийг хорьж хүчрэхгүй. Тэр бол адгийг аймшигт
араатан гэж мэд. Үхсэн мөртлөө үхдэггүй, хий хоосон мөртлөө бодитой, чи тэрийг харахгүй
байсан ч тэр чамайг харж л байгаа. Залуу минь түүнээс болгоомжил, чи бол жинхэн хүн учраас
түүнээс болгоомжлох хэрэгтэй. Бас тэр ад зэтгэрийн новш адын “ухаантай”. Гэхдээ түүний бүх
ухаан нь зөвхөн идэхийн тулд л ажилладаг. Түүнтэй хэзээ ч битгий учир, тэгээд новшийн
оромжийг нь шатаа. Ямар ч үнээр авсан байсан хамаагүй тэр хараал идсэн байшинг үнсэн
товрог болго. Одоо харин гөлрөөд байлгүй хурдан зайлж үз. Тэр чамтай тэмцэлдсээр байгаа
шүү. Тэр байшинг устгах гэсэн боловч би чадаагүй, тэд надад бас саад болсон. Чамд ч гэсэн
ялгаагүй саад болох л болно. Гэхдээ л заавал тэр новшийн оромжийг үгүй хийх хэрэгтэй.
Галсан яахаа мэдэхгүй тэр этгээдийг харан зогсож байтал хажуугийн нь орон дээр хэвтэж
байсан нэг хүүхэн Галсанд хандаж”Чи одоо яв даа. Наад ахын чинь эхнэр хүүхдийг нь махчны
сүнс үхүүлчихсэн гэсэн” гэх нь тэр. Галсан энэ үгийг хэлсэн хүүхэн рүү харцаа шилжүүлээд хэсэг
чимээгүй гөлөрч байснаа “Харин чи яагаад энд байгаа юм бэ?” хэмээн ямар ч бодолгүй зүгээр л
зорилгогүй асуув. Би энд байх дуртай болоод л байгаа юм аа. Энэ эмнэлгийн хөргөгчнөөс орой
болохоор манай нөхөр гарч ирдэг. Аягүй бол чамайг надтай хардаж мэднэ, манай нөхөр их
хартай шүү. Одоо ирэх цаг нь болж байна чи, түргэхэн шиг явж үз. Би хөргөгчний дуугарахыг
хүлээж байгаа.
Ингэж хэлээд эл бүсгүй тэсвэрлэхийн аргагүй чангаар хашхирч эхлэх нь тэр. Бүсгүйн хашхирах
дуунаар цагаан нөмрөгтэй эрэгтэй эмэгтэй хоёр сувилагч орж ирээд “Бурмаа тайван бай” гэсээр
дарж хэвтүүлээд судсанд нь тариа хийлээ. Тэгмэгцээ Галсанг сая анзаарч хараад та юун хүн,
энд юун гадны хүн явж байдаг билээ гэсээр ум хумгүй хөөж гаргалаа. Хамгаалалтныхыг дууд,
цагдаад барьж өг хэмээн эмч сувилагч нар хашхирч байсан ч Галсан тэр эмнэлгээс яаралгүй
гарч одлоо. Галсанд одоо бүх зүйл тодорхой болсон мэт санагдаж байв. Өглөө гэрээсээ гарахдаа
авч гарсан гар утсанд нь өч төчнөөн дуудлага, бас хэд хэдэн мессеж ирсэн байсныг Галсан сая
анзаарч харав.
Өвлийн илч муутай сүүмгэр наран Галсангийн амьдралын төгсгөлийг зөгнөх мэт ёлтойж хүйтэн
салхи сэвэлзэнэ. Галсангийн бодолд Саруул охин нь бүдэг бадаг үзэгдэх шиг болж нүд нь үе
үе харанхуйлан бүдчин алхана. Ийнхүү ундуй сундуй алхсаар Галсан арайхийн жаахан сэхээ
авлаа. Түүний сэтгэл төсөөлөхийн аргагүй хямарч оюун ухаан нь бүр балран мөхөө юу гэлтэй.
Галсан утсан дахь мессежийг уншихаар завдав. Согтуу хүн шиг гар хуруу нь эвлэхгүй байсаар
арайхийж утасныхаа хэдэн товчлуурыг дарж хэд хэдэн мессеж ирсэн байсны эхнийхийг нь
үсэглэн уншив.
“Дүүгийн чинь бие улам дордоод үхэх нь байна. Хэрлэн та хоёр яагаад одоо болтол ирэхгүй,
утсаа ч авахгүй байгаа юм бэ. Цагдаа нар хүртэл ирээд та хоёроос байцаалт авна гээд хүлээж
байна” Галсан энэ хэдэн мөрийг арайхийж үсэглэн уншлаа. Дараа дараачийн мессежийг нээж
үзсэнгүй. Бодвол Батжаргал ч гэсэн үхээ биздээ хэмээн Галсан амандаа үглэсээр нурууга цэх
болгон гэрийнхээ зүг алхлаа. Гэтэл харин зам дагаж явсан түүний хажууд такси ирж зогсоод
жолооч нь “Унаа авах уу?” гэж чангаар асуув. Галсан үг дуугүй орж суугаад оршуулгын газартай
ойр байрлах гэрийнхээ хаягийг хэлж өглөө. Жолооч ч холхон газар очих боломжийн халтуурын
ажил оллоо хэмээн хөөрцөглөж заасан газар луу нь хурдлан давхив.