Welcome Guest Login or Signup
CHAT
IM LIST
BOOKMARK
BLOGS   WRITE NEW BLOG   EDIT BLOGS  
 
RSS
Çîîðü (VIII-X)
Posted On 07/12/2008 00:16:43 by krezi_12

Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ VIII хэсэг

... Галсан яахаа ч мэдэхгүй дэмий л зоорины хаалгыг тас гөлрөн суусаар өглөө болгожээ. Ар
араасаа учир нь үл ойлгогдох зүйлүүд болсоор эцэст нь охин нь ор сураггүй алга болсонд
Галсан цочирдож ухаан нь балартав бололтой. Галсан эхнэртэйгээ юу ч ярьсангүй. Харин
чимээгүй гөлрөн суусаар байснаа өдөр болонгуут юмаа мартсан хүн шиг гэнэт хэл чимээгүй
гарч одлоо. Саруул сураг чимээгүй хэвээр. Уг нь Хэрлэн нөхөртэйгээ ярилцаж өчигдрийн
Цэнгэлийн цонхны цаанаас зоорины хаалга руу цоо ширтэж байсан тухай хэлэхийг оролдсон ч
охиндоо санаа нь зовоод хүнээс үг сонсохтой манатай болсон Галсан эхнэрээ ойшоогоогүй аж.
Хэрлэн гэртээ ганцаараа охиноо, бас хаашаа явсан нь мэдэгдэхгүй нөхрөө хүлээхийн хажуугаар
өчигдрийн болсон явдал санаанд нь орж сэтгэлдээ жихүүцэж байлаа. Энэ байдалтайгаа удаан
эвлэрч чадаагүй Хэрлэн гадуур хувцасаа өмсч гэрээ цоожлоод автобусны буудлын хажуугийн
дэлгүүрт ороод зогсчихов. Юу ч худалдаж авахгүй хирнээ зүгээр л цонх руу ширтэн зогсох
үл таних бүсгүйг дэлгүүрийн худалдагч ад үзэж байгаа нь андашгүй байлаа. Хэрлэн уг нь энэ
байдлыг нь тоохгүй дэлгүүрт зогсоод байж чадах байсан хэдий ч охиноо гэртээ ирж мэдэх
юм гэж санаад гараад гүйчихэв. Саруул өөртөө нэг түлхүүртэй учраас хүн байхгүй байсан ч
хамаагүй гэртээ ороод ганцаараа айж эмээх вий гэсэн бодол Хэрлэнг түргэн алхахад нь эрхгүй
нөлөөлөв бололтой. Хэрлэн гэртээ иржээ. Гэрт хүн ирсэн болов уу гэх ямар ч шинж тэмдэг
алга. Саруул ирээгүй байлаа. Охиноо ирээгүйд эхийн сэтгэл хямарч урам нь хугарчээ. Уг нь сая
гэр лүүгээ бараг л гүйх шахам явж ирэхдээ үнэхээр охиноо ирчихээд ээжийгээ хүлээж байгаа
юм шиг л санаж байсансан.
Охиндоо зовсон эхийн сэтгэл одоо юунаас ч айхаа больсон бололтой. Хэрлэн галынхаа өрөөнд
орж гал түлж эхэллээ. Магадгүй охиноо жигтэйхэн их даарчихсан ирэх байх, ирэхэд нь ядаж
гэрийг нь дулаахан байлгахсан гэсэн сэтгэл нь түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Шавар
пийшинд шад пад хийн асах гал руу ширтэн бодол болон суух Хэрлэнгийн нүдэнд охиндоо
санаа зовсных нь илрэл болсон нулимс мэлтгэнэж байлаа. Оройхон Галсан том биетэй монгол
банхар нохой хүзүүнээс нь хөтөлсөөр гэртээ ирлээ. Уг нохой бол энэ байшинд нүүж ирэхээсээ
өмнө хуучин хашаагаа мануулдан байсан нохой нь билээ. Шинэ газарт нүүж ирэх гээд түр
хугацаанд хуучин хөрш айлдаа орхиод одоо ийн авчирч байгаа ажээ. Харин Хэрлэн нохойгоо
айлд орхисноо түр мартагнаад байсан бөгөөд Банхарыгаа хараад жаахан ч гэсэн баярлав.
Галсан Хэрлэн хоёр хоорндоо ямар ч үг сольж зөвлөлдөлгүйгээр нохойгоо шууд галынхаа
өрөөнд орууллаа. Энэ нь магадгүй өнөөх зоорьтой холбоотой байсан биз. Үнэндээ энэ байшинд
дахин нэг хононо гэхээс тэдний хэн хэний нь яс хавтайх шиг болж байсан ч охиноо энд хүрээд
ирнэ гэсэн бодол нь байшинд аргагүй уяж байлаа. Галсангийн гэр нь хүйт даагаад нэг л
зэврүүн. Охиндоо санаа зовнисон эцэг эхийн сэтгэлийг нохой нь хүртэл ойлгосон бололтой
пийшингийн хажууд эвхрэн хөлөө дэрлэн гунигтай хэвтэнэ. Галсан Хэрлэн хоёр ээлж ээлжээр
очоод л нохойгоо эрхлүүлэхэд нь Банхар үүнийг нь хүлээж байсан юм шиг хүзүүгээ сунгаж
өгөх нь ингэж эрхэлсээр байгаад сурчихсныг нь илтгэх аж. Тэд ийнхүү юу хийхээ мэдэхгүй
дэмий л охиноо хүлээн шаналж гадаа гарч харуулдсаар нэг л мэдэхэд харуй бүрий болжээ.
Эхнэр нөхөр хоёр жаахан хуурай идэх юм идэж цай уужээ. Тэд унтлагынхаа өрөөнд орохын
өмнө Банхарыгаа сайн хооллож аваад гал тогооныхоо өрөөнд үлдээлээ. Хэдий шөнө болсон ч
эхнэр нөхөр хоёрын хэн хэнийх нь нойр хүрэхгүй сэрвэлзэх аж. Унтлагын өрөөний том ханын
цаг чаг чаг хийн дуугарах нь энэ гэрт чимээ гаргадаг цорын ганц эд мэт. Гэхдээ энэ цагны дуу
бага ч атугай тайвшралыг илтгэх биш, харин ч ямар нэгэн санаанд оромгүй айдас түгшүүр ирж
явааг Галсанд анхааруулж байгаа мэт үргэлжлүүлэн цохилсоор. Галсан дагзаа салаавчлан
орон дээрээ бөгтийн сууна. Ийнхүү унтлагынхаа өрөөний орон дээр зэрэгцэн суух эхнэр нөхөр
хоёр цаг орчим амнаасаа ганц ч үг унагахгүй байснаа Хэрлэн сая ам нээлээ.
-Өчигдөр чамайг ажилдаа явсан хойгуур өнөөх Цэнгэл ирээд явсан. Яагаав манай Саруулыг
дагаж ирдэг охин
Эхнэрийн нь хэлсэн энэ үг Галсангийн анхаарлыг эрхгүй татаж толгойгоо өндийлгөн “Тэгээд?”
гэж асуув.Хэрлэн сандарч буй бололтой хуруугаараа оролдож байснаа гүнзгий амьсгаа авч
цааш үргэлжлүүлэн ярилаа.
-Би чамайг явсан хойгуур хэдий өдөр байсан ч жаахан айгаад дэмий байхаар хөршүүдтэйгээ
танилцаж гэртээ урьж оруулъя гэж бодсон юм. Тэгтэл харин “Манайд ор” гэж хэлэхийг минь
сонсоод баярлах нь битгий хэл гэрийнхээ хаалгыг тас хийтэл саваад надтай ганц ч үг сольсонгүй.
За яахав, их л ааш муутай хөрштэй болждээ гэж бодоод гэртээ орж ирээд дээд давхартаа
новшоо цэгцэлж байлаа. Гэтэл доор ямар нэгэн юм түжигнэх чимээ гарсан. Хэн нэгэн магадгүй
Саруулыг овоо эртхэн ирсэн юм болов уу гэж бодоод буугаад хартал хэн ч байхгүй байсан.
Арай дахиад л нөгөө зоориноос гарсан чимээ биш байгаа даа гэж бодоод галынхаа өрөөнд
ортол өнөөх Цэнгэл гэдэг охин чинь цонхны цаанаас зоорь луу гөлийчихсөн харж байдаг
байгаа. Би маш их айсан. Бүр хамгийн аймшигтай нь тэр охин намайг огтхон ч анзаарахгүй яр
л үхээд хөшчихсөн хүн шиг зоорь луу ширтээд л байлаа. Би жаахан сэхээ аваад юу хийж явааг
нь асуухаар гараад хартал байхгүй болчихсон байсан. Би яахаа ч мэдэхгүй гэртээ ганцаараа
охин та хоёрыг хүлээсээр орой чам руу мессеж бичсэн нь тэр.
-...Цэнгэл гэнэ ээ? Тэр муу үхээрийн охин юу шиншилж яваа юм бол?
Галсан ингэж хэлээд чимээгүй боллоо. Хэрлэн саяын үгийг нөхөртөө хэлэхдээ дахин айдаст
автаж Галсангаас эрхгүй тайвшруулсан, аргадуулсан ямар нэгэн дулаахан үг сонсохыг хүссэн
ч Галсан ойлгосонгүй. Тэрбээр эхнэрээ тайвшруулах ч сөхөөгүй өөрөө айдаст автсан бололтой.
Охиндоо санаа зовохын хажуугаар тэр Цэнгэл гэдэг охины тухай учир нь үл ойлгогдох бөөн
асуултууд Галсангийн толгойд эргэлдэж байлаа. Гэрт дахиад л чимээ аниргүй болжээ. Өнөөх
цагний чаг чаг хийн цохилох дуун адын муу ёрын зүйл болох цаг мөч улам ойртож буйг эхнэр
нөхөр хоёрт сануулж ядан байх мэт. Ханын цаг ийнхүү цохилох чимээний хажуугаар үе үе
нэгэн содон чимээ сонсогдох нь Галсангийн шүдээ хавирах дуу байлаа. Хэрлэн нөхрийнхөө
шүдээ хавирч байгааг анзаарсан ч гүй магад сонирхсон чгүй бололтой.Хэрвээ Галсанг шүдээ
хавирахад нь Хэрлэн нөхөр лүүгээ харсан бол нэгэнт хуралдаад байсан айдас нь бүр ч
нэмэгдэх байсан биз. Учир нь Галсан яг л амьд үлдэх боломжгүй болоод эцсийн хүчээ шавхан
дайсантайгаа тэмцэх гэж байгаа араатны нүдээр шал руу ширтэж байжээ. Охиноо өнөөг хэр
нь ирэхгүй байгаа энэ үед Галсан чухам яах ёстойгоо ердөө мэдэхгүй байлаа. Тэрээр барьц
алдан айдаст автсан ч хайртай эхнэр охин хоёрт нь ямар нэгэн муу юм болвол эцсээ хүртэл
хамгаалан тэмцэх болно гэх бодолтойгоо зэрэгцэн шүдээ хавирах аж. Галсан ингэхдээ чухам
хэнийг занаад байгаагаа ч өөрөө ойлгосонгүй. Ямартай ч хэн нэгэн этгээд гэр бүлд нь муу юм
хийхээр бүр улайраад байх шиг санагдаж тэр үл үзэгдэгч этгээд чөтгөр, шулам, ороолон ер нь
юу байсан ч хамаагүй түүнтэй нэгийгээ үзэхсэн гэсэн бодол Галсанг байж ядуулна.
Гэнэт л галын өрөөнд нохой нь хуцаж архиран бөөн үймээн болох нь тэр. Галсан ч яг л энэ
мөчийг хүлээж байсан юм шиг галын өрөө рүүгээ хэдхэн харайгаад орлоо. Хэрлэн ч нөхрөөсөө
хоцролгүй араас нь даган яаран ирэв. Нохой нь улаан галзуу зоорины хаалга руу хуцаж тойрч
эргэлдэх аж. Үнэндээ тэр зоорь луу хуцах ямар шалтгаан байгааг эхнэр нөхөр хоёр хоёулаа
сайн ойлгосонгүй. Тэд нохойгоо арайхийн тайвшруулжээ.
Энэ үйл явдал яг л Галсангийн таамаглаж байсан шиг болсон ч нохой арай л хурдан ид
шидээ үзүүлэх шиг санагдаж байв. Энэ шөнөжингөө Галсан нохойтойгоо хамт өнөөх зоорийг
харуулдаж үүр цайлгасан ч ямар нэгэн чимээ дуулдсангүй. Өвлийн сүүмгэр наран тэнгэрт
хөөрсөн нь энэ жихүүн зэврүүн хорвоог бүлээцүүлэхээс нэгэнт өнгөрөө юу гэлтэй. Галсан
Хэрлэн хоёр галынхаа өрөөний ширээг дэрлэн сандал дээрээ суугаагаараа унтжээ. Хэрлэн
нөхрөөсөө түрүүлж сэрлээ. Гэр нь хүйт даагаад нэг л зэврүүн. Нохой нь өнөөх зоорины хаалгыг
дээрээс нь дарж цагираглаад хэвтсэн байх бөгөөд үүнийг харсан Хэрлэн баярлах ч шиг болов.
Банхар нь ингээд л зоорины хаалган дээр хэвтээд байвал магадгүй дор нь байгаа ад зэтгэрийн
амьтан гарч ирж чадахгүй юм шиг түүнд санагдана. Хүнийг ойр дотныхон нь орхиод явсан ч
нохой л эзэндээ үнэнч хэвээр хамт үлддэг гэсэн хэзээ ч юм бэ дээ хаа нэгтээ сонсож байсан яриа
Хэрлэнгийн санаанд орохтой зэрэгцэн Банхарынхаа хүзүүг илж эрхлүүлээд өрөөнөөс гарлаа.
Эхийн сэтгэл горьдлого гэдэг хэзээ ч тасардаггүйг энэ удаа Хэрлэн ч бас харуулав. Магадгүй
охиноо хүрээд ирсэн ч юм билүү гэж горьдсон тэрээр Саруулын өрөө рүү орж хоосон байхыг
нь хараад сэтгэл нь бүр гонсойчихлоо. Саруулын удахгүй болох төрсөн өдрөөрөө өмсөнө гэж
бэлдэж байсан гоёлын хувцас нь орон дээр нь эзнээ хүлээн гунигт автан хэвтэх мэт.Хэрлэн
орон дээр суух биш уначихав. Охиныхоо дэрийг үнэрлэн суух эхийн хацрыг доголон нулимс
исгэн доошилж байлаа. Тэгтэл гэнэт галын өрөөнд тар няр хийх чимээ гарч нохой нь хуцах
нь тэр. Хэрлэнгийн сэтгэлд дахин бөөн айдас түгшүүр хуралдаж нөхрийнхөө байгаа өрөө
рүү яаран гүйж орлоо. Дахиад л өнөөх зоорь ... хэмээн бодсон Хэрлэн нөхрийнхөө сандлаас
унасныг хараад санаа нь зовох биш харин ч баярлав бололтой. Галсан сая сэхээ аван босч
ирээд “Хөгшин чинь бүр айхтар хар дарж зүүдлээд сандлаасаа хүртэл унадаг байна шүү” гэж
хошигнохыг хичээсэн ч түүний нүүрэнд айж түгшсэн төрх тодхон харагдаж байгааг Хэрлэн
анзаарчээ.
-Миний хөгшин тэгээд яг юу гэж хар дарж зүүдлэв дээ?
-Заавал сонсохыг хүсээд байгаа юм уу?
-Ярь л даа, сонсмоор байна
-Өмнө нь хэзээ ч ийм муу ёрын зүүд зүүдэлж байсангүй. Энэ хараал идсэн зоорин доороос
Саруулын аврал эрэн уйлах чимээ сонсогдох шиг болоод... Галсан ингэж хэлээд түгдрээд ирэв.
Түүний сэтгэл айдас түгшүүрээр дүүрэн оволзож байгаа бололтой харц нь тогтохгүй ийш тийш
үсчих аж. Нөхрийнхөө энэ хэлснийг сонссон Хэрлэнгийн дотор харанхуйлаад ирлээ. Тэрээр нэг
л мэдэхэд өнөөг хэр нь Банхарын дээр нь хэвтэж байгаа зоорин дээр харц нь тусчээ. Галсан
яриагаа үргэлжлүүллээ.
-Саруул аав аа гээд л уйлаад байсан. Би энэ зоорины хаалгыг нээхийг үнэхээр хүсэхгүй байсан
ч хаалгыг нь нээх гэж оролдож эхэлсэн. Зоорины хаалгыг хариугүй нээх гэж байтал хэн нэгэн
хүн наадахаа битгий нээ, тэгвэл муу юм болно шүү гэж араас шивнээд байсан. Би тоолгүй
зоорин доор бүр гүнд нь охинд минь ямар нэгэн муу юм тохиолдож байгаа юм шиг санагдаад
хурдхан хойноос нь орохын тулд хаалгыг нээсэн.
-Тэгсэн чинь? Хэрлэнгийн ингэж хэлсэн үг нь дуулдах төдий сонсогдож байлаа. Хэрлэн нөхөр
лүүгээ биш зоорь луу цөхөрсөн нүдээр харж уйлж байлаа. Харин Галсан эхнэрийнхээ энэ
байдлыг ч сайн анзаараагүй бололтой. Түүний оюун ухаан зөвхөн саяын зүүдэлсэн муу ёрын
зүүдээ нэгд нэгэнгүй санахад чиглэгдэж байх шиг. Галсан яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Тийм ээ, намайг зоорины хаалгыг нээхэд өөдөөс уур савсаж байсан хэрнээ тэр нь их хүйтэн
байсан. Маш хүйтэн агаар өөдөөс үлээгээд л... Зоорь маш гүнзгий эгц байсан ч би доошоо ямар
ч шат тавилгүйгээр буух гэж үзсэн. Гэтэл өөдөөс үгээр тийм гээд илэрхийлэхийн аргагүй муухай
амьтан зоорины ханыг дагаад л авираад ирсэн. Түүний бие түлэгдчихээ юу гэлтэй улаан эрээн
шарх сорвиор дүүрэн, зарим арьс нь бүр зумарчихсан, үс гээд байхаар юм үлдээгүй эрэгтэй
хүн байсан. Шууд л хүн гээд оноогоод хэлэхэд хэцүү ч яалт чгүй л дөрвөн мөчтэй зэвүүн,
зэвхий онигордуу харцтай этгээд байсан. Галсан ингэж хэлээд түр амсхийж гүнзгий амьсгаа
аваад эхнэрээ тэвэрлээ. Хэрлэн нөхрөө тэврэн эхэр татан уйлж буй хэрнээ зоориноос нүд
салгахгүй ширтсэн хэвээр байлаа. Галсан одоо түрүүний айдаст автсан зүүднээсээ бага багаар
ангижирч бодит амьдралаа илүү мэдрэх шиг болж ирэв. Тэрээр саяынхаа муу ёрын зүүдээ
эхнэртээ хэрэггүй л хэллээ гэж өөрийгөө зүхэж байлаа. Тэд хэсэг чимээгүй тэврэлдэн зогсов.
Хэрлэн нөхрөөсөө “Тэгээд дараа нь юу болсон бэ?” гэж тэсгэлгүй асуухад түүний дууны өнгөнд
илт сандарсан бас айсан байдал тодхон илэрч байгааг Галсан анзаарчээ. Тэрээр зүүднийхээ
төгсгөлд чухам юу үзсэнээ эхнэртээ хэлэхээс эргэлзэж эхлэв. Магадгүй дараа нь ямар зүйл
болсон тухай Хэрлэнд хэлбэл сэтгэлийг нь бүр ч их түгшээчих болов уу гэж бодохоос Галсан
аман дээрээ гарч ирсэн үгээ буцааж залгих аж. Хэрлэн дахин дахин гуйж гувшисны эцэст
Галсан зүүдээ үргэлжлүүлэн ярилаа.

Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ IX хэсэг

Тэр аймшгийн амьтан надруу бүр дөхөж ирээд ямар ч чимээ анир гаргалгүй намайг гараараа
татаад доош нь унагахыг оролдсон. Би хичнээн хичээгээд ч дийлэхгүй доошоо унангаа алдаж
өнөөх амьтныг өөрийг нь доошоо унагахаар оролдож байлаа. Тэр аймшгийн ад зэтгэрийн
амьтан нэг гараараа зоорины ирмэгээс барьж нөгөө гараараа миний бугуйнаас атгаад доошоо
чангаагаад л. Хамгийн хирдхиймээр нь тэр гар нь цэв хүйтэн байсан. Би хөлөөрөө мөр лүү нь
жийгээд яг тавиулахын даваан дээр Саруул “Аав аа, намайг битгий унагаач дээ, доор их хүйтэн
байгаа, би айж байна” гэж хэлсэн. Гэтэл өнөөх түлэгдчихсэн юм шиг аймаар этгээд биш охин
маань миний гараас чаргууцалдаж байлаа. Яг л бодит амьдрал дээр болж байгаа юм шиг тийм
их үнэмшилтэй санагдсан. Даанч охиноо татаж авах гэхэд дэндүү хоцорсон байлаа. Саруул
доошоо унаж би хам хум ханцуйнаас нь шүүрээд л алдсан. Тэгээд гэнэт цочоод сэрсэн. Гэхдээ
энэ бол зөвхөн зүүд шүү. Миний хайрт битгий сэтгэлээ зовоогоорой.
-Тийм ээ, зүүд. Гэхдээ дэндүү муу ёрын, аймар зүүд байна
Хэрлэн ингэж хэлээд гүнзгий амьсгаа авлаа. Тэд хоёулаа жаахан тайвширъя гэж ярилцаад
хоол иддэг ширээнийхээ ард зэрэгцэн суугаад худгаас авсан хүйтэн ус уулаа. Уг нь халуун цай
уухыг хэн хэн нь хүсч байсан ч халуун саванд хийсэн сүүтэй цай нь аль хэдийнэ гашилжээ.
Эхнэр нөхөр хоёр хоёулаа дагжин чичирч байлаа. Сүүлийн үед охиндоо санаа нь зовоод гэрээ
ч олигтой галлаагүй болохоор гэр нь яг л мөсөн хонгил гэлтэй. Галсан Хэрлэн хоёр бүр голдоо
ортол даарчээ. Банхар ч гэсэн ялгаа алга. Ямар ч идэвхгүй хамаг биеэ хураан хэвтэх нь жаахан
ч гэсэн дулаацахыг эрхгүй хүсэж байгаа мэт. Галсан бээрсэн гараараа арайхийж шүдэнз зурж
пийшиндээ гал ноцоож эхэллээ. Удалгүй гэр нь бүлээцэж Хэрлэн тогоон дээр цай үйлээ.
Зоорины хаалган дээр биеэ хураан хэвтэх Банхар ч гэсэн дулаацав бололтой нэг сайн суниаж
аваад нааш цааш холхиж эхлэв. Удсан ч үгүй цай буцалжээ. Гал тогооны өрөөний ширээн
дээр зэрэгцэн сууж халуун цай оочлох эхнэр нөхөр 2 хоорондоо ганц ч үг сольсонгүй. Галсан
үе үе зоорь луу хяламхийх нь үнэхээр Саруул энэ дор байгаа юм биш биз гэж бодсоных биз.
Харин Хэрлэн нөхрийнхөө энэ бодлыг тааварласан бололтой. Хэрлэн аргагүй л Галсангийн
арав гаран жил ханилсан хань нь юм болохоор Галсангийн чухам юу бодож байгааг бараг л
харцаар нь уншдаг болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд Хэрлэн цай оочохоос өөр чимээгүй нам
гүмийг эвдэн түрүүлж ам нээлээ.
-Галсаан, чи зоорь луу ганцаараа орно гэж санасны хэрэггүй шүү. Энэ бол зүгээр л чиний
зүүд. Хэрвээ манай охин зоорин дотор ямар нэгэн санаанд оромгүй байдлаар орсон байлаа
гэхэд ямартай ч зоорины бэхэлгээ тайлагдсан байх ёстой шүү дээ. Саруул маань зүгээр л
хотын хаа нэгтээ байгаа. Удахгүй гэртээ ирнэ, үүнд итгэх хэрэгтэй, тийм биздээ. Эхнэрийнхээ
ингэж хэлэхийг сонссон Галсан хэсэг чимээгүй сууснаа чиний зөв гэж хэллээ. Үнэндээ Галсанд
зоорийг нээгээд доошоо ороод үздэг ч юм билүү гэсэн бодол төрсөөр л байв. Энэ зоорийг
нээгээд охиноо олж чадахгүй байсан ч ингэж гэмээнэ ямар нэгэн зүйлийн нууцыг тайлах юм
шиг Галсанд санагдах аж. Гэхдээ энэ бодолтой нь зэрэгцэн өнөөх түлэгдсэн хэрнээ цэв хүйтэн
биетэй аймшгийн этгээд санаанд нь орж сэтгэлийг нь тавгүйтүүлж өөрийн эрхгүй зүрх алдахад
хүргэж байв. Галсан хэдийгээр зүүдэндээ охиноо аварч чадаагүй ч энэ нь яг л бодит амьдрал
дээр болоод өнгөрсөн юм шиг санагдаж үе үе гүнзгий санаа алдахад хүргэж байлаа. Галсан
тайвшрах санаатай гараа халаасандаа хийж тамхи хайлаа. Уг нь Галсан нэг их тамхи татаад
байдаггүй ч хаа нэг сорохоосоо татгалздаггүй нэгэн. Ялангуяа сүүлийн үед сэтгэл нь жаахан
тавгүйтээд ирэхээр заавал тамхи асаадаг зуршилтай болоод байгаа. Галсан халааснаасаа
тамхиа олсонгүй. Уг нь хэд хоногийн өмнө хайрцаг янжуур худалдан авсан санагдаж байсан
ч түүнийгээ эрээд олсонгүй. Харин оронд нь нэгэн жижигхэн хуванцар эд олов. Яг чухам юу
болохыг нь таах санаатай гараараа тэмтэрч үзэхэд товч бололтой. Галсан түүнийг нь гаргаж
ирээд харлаа. Цамцных болов уу гэмээр ягаан өнгөтэй хуванцар товч аж. Гэхдээ энэ товч
чухам хэзээ яагаад өөрийн нь халаас руу орчихсныг Галсан бодоод олсонгүй. Бас хэний юуных
нь товч болохыг ч шууд оноогоод нэрлэж чадсангүй.
-Энэ одоо юун товч байдаг билээ? Хэмээн Галсан эхнэртээ өнөөх товчийг үзүүлэн асуув.Хэрлэн
юу ч бодсонгүй өнөөх товчийг гартаа барьж үзээд сонирхож байснаа сууж байсан сандал
дээрээсээ огло үсрэн босоод ирэв.
-Хэрлээн, миний хөгшин яав? Хэмээн Галсан сандран асуув
-Саруулын цамцны товч. Яг мөн байна. Саруулын хамгийн сүүлд хичээлдээ явахдаа өмссөн
ноосон цамцны товч мөн байна. Хэрлэн ингэж хэлээд хоолой нь зангираад ирлээ. Галсан одоо
чухам яах ёстойгоо үл мэдэн самгардан зогсоно. Хэрлэн яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Энэ яалт чгүй манай Саруулын цамцны ханцуйных нь товч мөн байна. Чи яахаараа энэ товчийг
халаасандаа хийчихээд явж байдаг билээ. Хэзээ яаж хаанаас авсан юм бэ? Хэмээн Хэрлэн одоо
болтол яахаа мэдэхгүй гайхан зогсож байгаа нөхөр лүүгээ давшлан асуултаар булж гарлаа.
-Мэдэхгүй ээ, ямар ч байсан миний халаасанд л байж байна. Галсан ингэж хэлээд гэнэт нэгийг
санав бололтой царай нь хувираад ирлээ. Тийм ээ, түрүүний зүүд. Галсан энэ үгийг дуулдах
төдий шивнэв. Гүнзгий харанхуй зоорь луу унах охиныхоо гараас амжиж атгаж чадалгүй
цамцных нь ханцуйнаас зуураад алдсан тэр дүр зураг Галсангийн нүдний өмнө дахин тодрон
үзэгдэх шиг болов.
Галсан ингэжбодоод Хэрлэнтэй юу ч ярьсангүй дуугаа хураагаад зоорь луу гөлрөн суулаа.
Яалт ч үгүй л охиных нь хамгийн сүүлд гэрээсээ явахдаа өмссөн цамцных нь товч халаасанд
нь байж байдаг. Гэтэл энэ товчийг Саруулын цамцнаас хэзээ авсан байж таарах билээ. Лав
Саруулыг хичээлдээ явахад нь би гэртээ ч байгаагүй шүү дээ. Тэгээд бас саяын болсон явдал
зүгээр л зүүд. Галсан ингэж бодсоор хямарч орхижээ.
Хэрлэн Галсан руу асуусан харцаар харж байсан ч Галсанд эхнэртэйгээ ярилцах сөхөө ч
байсангүй. Галсан ийн бодол болсоор өнөөх Саруулын цацны товчтой холбоотой бодлынхоо
хариуг олж дөнгөсөнгүй. Тэрээр эхнэртэйгээ ч ярихгүй байсаар бүр өдөр өнгөрч байхад
“Саруулын цамцны товч яагаад миний халаасанд орсныг ойлгохгүй байна” гэсэн ганцхан
өгүүлбэрээр Хэрлэнгийн амыг таглажээ.
* * *
Саруул бараа сураггүй хэвээр. Энэ янзаараа дахин дөрөв хоног өнгөрөхөд байдал огтхон ч
өөрчлөгдсөнгүй. Гагцхүү охиндоо сэтгэл зовних эцэг эхийн сэтгэл улам бүр харанхуйлж итгэл
найдвар нь бага багаар бөхсөөр байлаа. Банхар шөнө хааяа нэг ямар нэгэн зүйл рүү боргон
хуцаж бөөн чимээ шуугиан болох хэдий ч сэжигтэй юм юу ч олдсонгүй. Бас Галсан зоорио
нээх үү яах вэ гэж эргэлзэн бодсоор өнөөдрийг хүрчээ. Магадгүй Галсан охиноо хүрээд ирэх
ч юм билүү хэмээн горьдон итгэж найдаж байсантай нь ч зоорийг нээхээсээ түдгэлзсэн нь
холбоотой байсан биз. Мэдээж Саруул гэртээ эсэн мэлн хүрээд ирж гэмээнэ Галсанд энэ муу
ёр шүглэсэн зоорийг нээх ямар ч шаардлага байхгүй нь тодорхой байсан билээ. Бас Галсан
тэр Цэнгэл гэдэг хүн, чөтгөрийн аль нь болох үл мэдэгдэх охины сургийг гаргах гэж хирэндээ
хичээсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй билээ.

Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ X хэсэг

Хүйт даасан гэртээ охиноо үгүйлэн бэтгэрэн суух эцэг эх хоёр Мягмар гарагийн энэ өглөө
охиныхоо сургийг хаанаас гаргаж болох талаар ярилцан хашаандаа зогсож байлаа. Тэгтэл
Галсангийнд нэгэн зочин ирсэн нь Саруулын ангийн багш Ганцэцэг байв.
Тэрээр охиноос нь одоо болтол сураг гараагүй байгаа эсэхийг лавлаж мэдээд явах гэснээ гэнэт
эргэж Галсангийн нүд рүү харж хэсэг азнаснаа буцаж эргэлээ. Галсан
-Та ямар нэгэн юм хэлэх гээ юу?
-Юу л даа. Хэд хоногийн өмнө та сургууль дээр ирээд явахдаа Цэнгэл гэдэг охины тухай асууж
байсан шүү дээ
-Тийм ээ. Тэр охины сураг гараа юу?
-Үнэндээ тэр охины гэр нь хэд хоногийн өмнө биш бүр олон жилийн өмнө шатсан юм. Үнэхээр
таны хэлснээр аав нь тэгэхэд айхтар түлэгдэн нас барсан гэсэн. Охин ч бас нас барсан гэдэг.
Их ядуу амьдралтай айл байсан. Ямар ч хашаа хороо байхгүй аав нь хар бор ажил хийж
охинтойгоо амь зуудаг хэцүүхэн л амьдралтай байсан гэж хүмүүс ярьдаг. Тэгэхэд тэр Цэнгэл
гэдэг охин манай сургуульд сурдаг байсан юм л даа. Тэр үед би дунд сургуулийн сурагч байсан.
Гэхдээ энэ бол их олон жилийн өмнөх явдал шүү дээ. Таны асуусан Цэнгэл биш ч байж болно.
Таныг хэд хоногийн өмнө асуухад чинь би тодорхой ярьж амжаагүй. Тэгээд л яагаад ч юм энэ
тухай танд заавал дуулгах ёстой юм шиг санагдаад ...
Энэ үгийг сонссон Галсан Хэрлэн хоёр ёстой л нөгөө мэл гайхаж цэл хөхрөнө гээч нь болов
бололтой. Тэд Ганцэцэг багш руу гайхсан харцаар хэсэг чимээгүй ширтэж байснаа хоорондоо
харц солилцоод авав. Хэрлэн тэссэнгүй бололтой ам нээв.
-Сонин юмдаа. Нэлээд хэд хоногийн өмнө л манайд хоносон. Өөр Цэнгэл гэдэг нэртэй охин юм
болов уу?
-...мм... Мэдэхгүй. Магадгүй тийм байх. Ямар ч л байсан манай сургуульд сурдаг байсан Цэнгэл
гэдэг охин дандаа л нэг янзын сурагчийн дүрэмт хувцастайгаа гэр гадаагүй л явж байдаг
байсан. Их л хэцүү амьдралтай байсан даа.
Уучлаарай манайхаан, ажил амьдрал гэдэг нэг юмнаас болоод түр завсарлав. Зав зайгаараа
оруулж байгаа учраас ойлгож хүлээж байсанд баярлалаа.
-За тэр. Тэр мөндөө. Яалт ч үгүй мөн байх нь. Саяхан надтай жорлонд тааралдахдаа яг тэр
сурагчийн дүрэмт хувцастайгаа л харагдсан. Магадгүй тэр охины сүнс л байнга ээрээд байгаа
байх нь л дээ. Охиныг минь тэр л нэг тийш нь аваачсанаас зайлахгүй.
Галсан ингэж хэлээд царай нь тийм гэхийн тэмдэггүй барайгаад ирлээ. Харин Галсангийн
хэлснийг сонссон Ганцэцэг мэдрэл муутай хүнтэй харьцаж байна гэж бодсон уу эсвэл сүнс
чөтгөр гээчээс нь айв уу ум хумгүй гараад явлаа. Харин Хэрлэн Галсангийн “Хэд хоногийн
өмнө Цэнгэлтэй жорлонд тааралдсан” гэсэн үгэнд нь гайхан байсан ч асуулгүй өнгөрлөө.
Галсан дэмий л цагдаагийн хэсэг дээр очин охиныхоо талаар сураг ажиг гарсан эсэхийг
асуугаад сэтгэл гонсгор гэртээ буцаж ирлээ. Галсангийн дотор одоо юуны өмнө охиноо олж
аваад энэ хараал идэж муу юм шүглэсэн байшингаас хурдхан нүүе гэсэн бодол л эргэлдэж
байв. Дахиад л шөнө боллоо. Цагдаа, түргэн тусламж, асрамжийн газар гээд бараг бүх л байж
магадгүй гэсэн газрууд руу утасдаж найз нөхөд хамаатан саднууддаа хэлж сураг чимээ дахин
дахин тавиулсан ч охиныхоо тухай нэг ч үг олж сонсож чадсангүй.
Харин энэ шөнө Галсан унтсангүй. Бүр унтахыг ч хүссэнгүй. Хэрлэнд ”Дэмий уйлж суухаар
жаахан ч гэсэн унтаж амар” гэж зөвлөөд өөрөө гал тогооныхоо өрөөнд нохойгоо хажуудаа
хэвтүүлээд өөртөө цай аягалаад суучихав.Харин Хэрлэн охиндоо санаа зовоод байхад юуны
чинь унтах гэж хэлсэн ч эрхгүй ядрав бололтой нүдний хор гаргахаар хэвтлээ. Шөнө дунд
болжээ. Галсан энэ удаа зоорин доороос дахиад хэн нэгэн балбах юм бол чухам юу болохыг нь
олж мэдэх санаатай байлаа. Эсвэл өнөөх аль эрт үхсэн гэж яриад байгаа Цэнгэл охин ч хүрээд
ирж мэдэх юм гэсэн бодол санаанаас нь гарсангүй. Ямартай ч энэ шөнө тэрээр огт унтахгүй
байхаар шийджээ.
Гадаа салхи исгэрч, хааяа нэг машин явах нь дуулдана. Гэрт ч тэр гадаа ч тэр нам жим
байсаар. Галсангийн нүд өөрийн эрхгүй анилдаад эхлэв. Тэрээр харин нойртойгоо тэмцэхийг
хүссэнгүй бололтой нүдээ анин ширээгээ дэрлэн хэвтлээ. Галсан дөнгөж дугхийв үү үгүй юу
зүүдний ертөнцийн босго даван орлоо. Галсангийн зүүд яг л бодит амьдрал дээр болж байгаа
юм шиг ил тод ойлгомжтой байх аж.
Тэрээр зүүдэндээ өөрийгөө унтлагынхаа өрөөнд шөнө ганцаараа сонин гарчиглаж байгаагаар
эхлээд харав. Гэтэл нөгөө л гал тогооны өрөөнд байгаа муу ёрын зоорины ямар нэгэн бүгтхэн
чимээ дуулдаж доороос нь тогших бөгөөд тэр нь чухам юу болохыг нь мэдэхээр Галсан эрхгүй
тэр зүг алхаж байв. Галын өрөө рүү ойртох тусам өнөөх чимээ улам тод сонсогдож байлаа.
Удалгүй гал тогооны өрөө рүү ороход хамаг юм нь эмх замбараагүй ундуй сундуй болсон
байх бөгөөд зоориноос хэн нэгэн гарах гэж амь тэмцэн балбах аж. Галсан хэдий айж байсан ч
зоорины дэргэд очиж “чи хэн бэ?” гэж асуулаа. Гэтэл өнөөх нүдэх чимээ хэсэгхэн зуур зогссоноо
зоорины хаалганы завсраар хэн нэгний нүд Галсанг хорссон байртай цоо ширтэх аж. Тэгснээ
тэр эрэгтэй хүн “Чи намайг эндээс гарга. Хурдан гаргаадах, зоориныхоо түгжээг мултал. Энд
маш хүйтэн байна. Хэрвээ хаалгаа нээхгүй бол... нээхгүй бол...” хэмээн цахиртаж сөөнгөтсөн
хоолойгоор Галсанг заналаа.
Банхарын уурлан хуцах чимээгээр Галсан нойрноосоо цочин сэрэв. Үнэхээр саяын зүүдэндээ
үзсэн шиг хэн нэгэн зоорин доороос гарах гэж самардаад байх шиг байлаа. Галсан ч гартаа
тааралдсанаар нь мод хагалдаг сүхээ авч далайгаад зоорь луу тонгойн “чи ер нь хэн юм бэ,
гараад ир, нэгийгээ үзье” хэмээн уурсан хашхирлаа. Тэгмэгц өнөөх чимээ гэнэт дуулдахаа
болих нь тэр. Хэрлэн ч энэ бөөн дуу чимээнээр гал тогооны өрөөнд сандран орж ирлээ.
Гадаа үүр цайх болоогүй тас харанхуй хэвээр. Нохой уурсан архирч хуцсаар. Харин Галсан
эхнэрээ орж ирснийг ч анзаарсангүй гартаа атгасан сүхээрээ зоорины хаалгыг дээрээс нь
балбаж гарав. Новш минь, би чамайг алаад өгье л дөө хэмээн хашхичих тэрээр бүр цөхрөнгөө
барж дуусав бололтой. Удалгүй зоорины хаалгыг захалж хадсан төмөр бэхлээс хугарав. Одоо
зөвхөн зоорины хаалгыг дээрээс нь татахад л нээгдэхээр болжээ. Банхар боргон хуцсаар
харин Хэрлэн энэ бүхнийг айж сандарсан нүдээр ширтэн гараа элгэндээ зөрүүлэн зогсоно. Яг
зоорины хаалгыг ийнхүү дээш нь татаж нээх мөч тулаад ирэхэд Галсан өөртөө эргэлзэж ямар
ч хөдөлгөөн хийлгүй зогслоо. Одоо ГАлсангийн толгой энэ хаалгыг нээх нь зөв үү буруу юу
гэсэн тэрсэлдсэн бодлууд хоорондоо тэмцэлдэж байх аж. Зоорин доороос хэн нэгний дээшээ
зүтгэх өнөөх чимээ гарахаа больжээ. Бүгд нам гүм болов. Нохой нь ч тэр зоорины хаалга руу
тас ширтэж биеэ хураан бөгтийн зогсож байлаа. Банхар энэ хаалганы цаана юу ч гарч ирсэн
шууд дайрахад бэлэн байгаа нь харваас андашгүй аж. Галсангийн нүүрээр хөлс дааварласан
байх бөгөөд нэг гартаа атгасан сүхээ далайсан хэвээр.
Галсан зоорины хаалгыг огцом хүчтэй нээлээ. Энэ хаалгыг ийнхүү нээснээр хожим өөрийнхөө
амьдралд ямар их гай дуудсанаа энэ агшинд Галсан яахан мэдэх билээ. Зооринд хэн ч
байсангүй. Зоорины таг нугасаараа бүтэн эргэж модон шалан дээр түс хийн савагджээ. Эхнэр
нөхөр нохой гурав гурвуулаа зоорь луу тонгойж харсан хэдий ч ямар ч гэрэл тусгаагүй учир юу
ч харагдсангүй. Ямартай ч тийм гүехэн биш гэдэг нь андашгүй. Тэдний нүүр лүү хүйтэн агаар
сэнгэнэж байх агаад таагүй үнэр ханхийх аж. Хэрлэн гэнэт муухай хашхирлаа.
-Хэрлээн, юу болов?
Хэрлэн дэмий л зоорины сөхөгдсөн хаалга руу заав. Хэн нэгнь хурууныхаа цусыг гартал
самардсан тэмдэг зоорины дотор талын модон хаалганд тодхон үлджээ. Хаалганы дотор талын
банзан дээр хумсаар маажсан ором энд тэндгүй харагдах бөгөөд саяхан малтаж байсан нь
ойлгомжтой байв. Учир нь самардсан хурууны ором дагаж нялгадсан цус нойтон хэвээр байлаа.
Банхар гэнэт айхтар архиран хуцаж гадагшаа хар эрчээрээ давхиж одов. Галсан Хэрлэн хоёр
ч хоёр бие рүүгээ гайхаж харснаа нохойныхоо араас яаран гүйлээ. Нохой жорлон руу ямар
ч эргэлзэх юмгүйгээр эрчээрээ давхин дотогшоо ороход Галсан араас нь гүйгээд гүйцсэнгүй.
Ямар нэгэн юм доошоо пад хийн хөлдүү газар унах чимээ гарч нохой хуцахаа болих нь тэр.
Өнөөг хэр нь гартаа сүх атгасаар байгаа Галсан зогтусав. Банхар, банхар гараад ир хэмээн
тэрээр хоолойны чадал мэдэн хашхирлаа. Жорлонгоос ямар ч чимээ гарсангүй. Галсан хэсэг
алмайрч зогссоноо жорлон руу яаран гүйж очиход Банхар жорлонгийн нүх рүү унажээ. Тэр
доор ямар ч хөдөлгөөнгүй гулдайн хэвтэх хар дүрс нохойг хэдийнэ үхсэнийг илтгэх мэт.
“Чи хаанахын ямар хараал идсэн новш нь вэ. Бид нар чамд ямар гай тарьсан юм” хэмээн
хашхирах Галсангийн дууг сонссон хэн ч байсан хирдхиймээр. Хэрлэн нөхрийнхөө араас
тэвэрчээ. Тэрээр хэдий өөрөө маш их айдаст автсан ч Галсанг тайвшруулах гэж аль болох сайн
сайхан үг хэлэхийг хичээж байгаа нь нэг бодлын өрөвдмөөр. Хашааны сүүмгэр гэрэлд орчин
тойрон тийм ч сайн харагдахгүй байх агаад Банхар аль хэдийнэ үхсэн нь нэгэнт тодорхой
болжээ. Эхнэр нөхөр хоёр жорлонгийн умгар модон өрөөнд хамтдаа ороод доошоо нохойгоо
өчнөөн дуудсан ч доор гулдайн хэвтэх бараан дүрс огтхон ч хөдөлсөнгүй, бас ямар ч дуу
чимээ гарсангүй. Эхнэр нөхөр хоёр маш их айдас түгшүүрт автаж байсан хэдий ч түүнийг нь
нохойн үхлээс үүдсэн харуусал хэсэгхэн хугацаанд мартагнуулав бололтой. Тэд өглөө нар
гарахаар нохойныхоо цогцсыг жорлонгийн нүхнээс гаргаж авахаар тохиролцож гэрлүүгээ
алгуурхан явж орлоо. Байшин дотор нам жим, чимээ аниргүй байх аж. Энэхэн хэсэг хугацаанд
тэд түрүүн зоорины хаалгыг нээснээ мартагнаад байсан билээ. Гэнэт Хэрлэн муухай хашхиран
нөхрөө тэврээд авлаа. Тэд түрүүн нохойныхоо араас сандран гарахдаа гал тогооны гэрлийг
унтраагаагүй бөгөөд нээлттэй орхисон зоорины хаалгыг хэн нэгэн хаажээ. Эхнэр нөхөр хоёр
хоёулаа яахаа мэдэхгүй айдаст автан зогсоно. Байшинд ямар ч чимээ аниргүй хэвээр. Галсан
түрүүлж ам нээлээ.
-Чи зоорины хаалгы хаагаад гарснаа мартсан юм биш биз?
-Үгүй ээ, би хаагаагүй. Наадахыг чинь хаах нь битгий хэл ойртохоосоо ч айж байсан юм
чин хэмээн Хэрлэн шивнэн хариулах нь хэн нэгэн этгээд ярихыг нь сонсчих вий гэж айсан
шинжтэй байх аж. Эхнэрийнхээ ийнхүү шивнэн ярихад Галсан үнэхээр хэн нэгэн муу ёрын
этгээд зоориноос сэмхэн гараад гэрт нуугдсан юм шиг санагдаж жийрхсэндээ ар нурууных нь
үс босох шиг л боллоо.





Bookmark:




*** Naizuud.com-Mongolian Friends-Erh chuluug end meder! ***
Powered by phpFoX Version 1.6.20