Welcome Guest Login or Signup
CHAT
IM LIST
BOOKMARK
BLOGS   WRITE NEW BLOG   EDIT BLOGS  
 
RSS
urgeljlel Çîîðü
Posted On 07/11/2008 21:13:36 by krezi_12

Хэрлэнгийн хувьд одоохондоо ажилгүй байгаа бөгөөд нөхрийгөө ганцаараа
ажиллаж өрх гэрээ тэжээж яваа гэдэг утгаар нь аль болох амраах сонирхолтой байв. Ингэсээр
нэг мэдэхэд л өдөр өнгөрч Саруулын хичээлээсээ ирэх цаг болжээ. Өвлийн улирал учраас эрт
гэгээ тасарч цас бударч эхлэв.Галсан энэ удаа нөгөө Саруултай хамт ирдэг өчигдрийн охиныг
дахиад хүрээд ирэх вий хэмээн битүүхэн болгоомжлон охиноо харуулдсаар. Ашгүй удсан ч
үгүй охин нь ганцаараа ирлээ. Саруул аавтайгаа дуугарсангүй. Уг нь өмнө нь загнууллаа ч
тэр дороо мартчихдагсан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Бүр нэг хар элгийн хүн шиг өөртэй нь
хүйтэн хөндий харьцахад охиндоо жаахан гомдох шиг ч болов. Оройн хоолон дээр ч гэсэн
охин аавтайгаа юу дуугарсангүйгээр барахгүй өрөөндөө ороод хаалгаа дангинатал түгжээд
орондоо орчихов. Галсан охинтойгоо чухам яаж ярилцах учраа нэг л сайн олж өгөхгүй энэ
тухайгаа эхнэртээ хэллээ. Гэтэл Хэрлэн үүнд нь ер ач холбогдол өгсөнгүй.
“Удалгүй хуучин хэвэндээ орно биздээ.Найзыг нь явуулчихсан болохоор л тэгж байгаа юм. Санаа
зовсны хэрэггүй дээ хө” гэж хэлээд унтахаар ороо заслаа. Нээрээ ч эхнэрийн нь үг үнэн юм шиг
түүнд санагдаж охиныхоо өрөө рүү орох гэснээ больж бие засахаар гадагш гарлаа. Гадаа харин
хаа очин тийм их хүйтэн байсангүй. Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт өнчин саран хорвоо
ерөнцийг гийгүүлж ядан байх мэт. Хашааны буланд байх жорлон руу хүрэхэд ойролцоогоор
тавь орчим алхам болов. Ийнхүү Галсан бие засч аваад жорлонгоосоо гарах гэхэд хаалга
нь нээгдсэнгүй. Жорлонгийн хаалга ийм амархан хөлдөөд наалдчихна гэж байж боломгүй
санагдаж хүчлэн түлхсэн ч онгойсонгүй. Гэтэл доошоо ухсан жорлонгийн нүхнээс ямар нэгэн
шажигнасан чимээ гарах нь тэр. Харанхуйд чухам юу байгаа нь үнэндээ харагдсангүй. Учир
нь тэр чимээ чихэнд нь улам тод сонсогдож өөр лүү нь хэн нэгэн тэр доороос дөхөж байгааг
илтгэх мэт. Галсан сандрах жорлонгийнхоо хаалгыг хар тэнхээгээр өшиглөснөөр сая хаалга
нээгдлээ. Жорлонгоос арайхийн гарч ирсэн Галсан энэхэн агшинд олон жил хоригдоод эрх
чөлөөгөө олж авсан хүн шиг баярлах сэтгэлд автав. Гар лүүгээ шууд орох гэснээ хэсэг азналаа.
Саяын жорлонгийн нүхнээс сонсогдсон тэр чимээ юу байв. Жорлонгийн доошоо ухсан нүхнээс
ямар нэгэн амьтан гарч ирэх нь энэ үү. Галсан энэ бодолдоо эрхгүй хөтлөгдөн бие засах жижиг
модон байшин луу буцаад очлоо. Түрүүн дуулдаж байсан чимээ ор мөргүй замхран арилжээ.
Нэг л ёозгүй сонсогдсон тэр чимээг дахин сонсоогүйдээ сэтгэл нь сэргэв.Галсан өөрийгөө хий
юм сонсчээ гэж бодон гүнзгий амьсгаа аваад гэртээ орлоо. Эхнэр нь хэдийнэ гэрлээ унтраагаад
орондоо ороод амжжээ.
-Гадаа хүйтэн биш байна уу хө?
-Тийм ч хүйтэн биш байна аа. Цас овоо тогтуухан хаялж байна шөнөдөө шуурч мэдэх л юм.
За тэр ч яахав, ядарч байна гэдэг жигтэйхэн. Унтъя даа. Галсан ингэж хэлээд эхнэрээ тэврэн
нүдээ анин хэвтлээ.
Шөнө дундын үед Галсан дахин сэрлээ. Гадаа цасан шуурга шуурахаас өөр ямар ч чимээ
аниргүй. Гэр нь хүйт даагаад нэг л ёозгүй. Гэтэл гал тогооны өрөөнөөс дахин юм түжигнэх
чимээ сонсогдож эхлэх нт тэр. Хэн нэгэн этгээд нэгэн жигдхэн хэмнэлээр юм балбаад ч байгаа
юм шиг. Гэрт нь биш хаа нэгтэйгээс сонсогдож байгаа биз гэж өөртөө хэлсэн ч яалт чгүй
зэргэлдээ гал тогооных нь өрөөнөөс дуулдаад байв. Түрүүн унтахынхаа өмнө бие засахдаа
жаахан айсандаа ч юм уу гэрийнхээ үүдийг хэдэн давхар цоожоор дангинатал түгжсэнсэн.
Тэгэхээр гадны хүн орж ирэх ямар ч боломжгүй мэт санагдана. Саруул юм болов уу гэтэл энэ
шөнө дундын үеэр галын өрөөнд юуг яах гэж тэгж балбах билээ. Галсан ийн бодсоор орныхоо
хажууд байсан алхыг аваад босоод ирлээ. Энэ удаад эхнэрээ сэрээсэнгүй. Гал тогооны өрөө
рүүгээ аажмаар дөхөх тусам нөгөө балбах чимээ тод сонсогдож байв. Гартаа барьсан алхаа
улам чанга атгасаар гал тогооныхоо өрөөг нээж гэрлийг нь асаалаа. Галсангийн нүдэнд хэн ч
өртсөнгүй. Харин өнөөх зоорины хаалгыг хэн нэг нь доороос нь цохиж байснаа болих нь тэр.
Магадгүй өрөөний гэрэл гэнэт ассан болохоор зоорин доороос цохих тэр чимээ гэнэт гарахаа
больчихов уу гэсэн бодол Галсангийн толгойд зурсхийн орж ирлээ. “Сая яалт чгүй зоорин
доороос балбаж байсан даа” Галсан ийн бодсоор зоорины хаалгыг нягталж үзээд дотроос нь
цохисон болов уу гэсэн ямар ч ул мөр олсонгүй. Тэгээд буцаж яваад галынхаа өрөөний гэрлийг
унтрааж өрөөний буланд зогсоод дахин цохих тэр чимээг хүлээлээ. Магадгүй гэрэл унтраад
чимээгүй болохоор зоорин доороос дахин цохино гэж тооцоолж байлаа.
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ V хэсэг

Нам жим. Зоорин доороос балбах чимээ дахин гарсангүй. Галын өрөөтэй залгаа байрласан
унтлагын өрөөнөөс эхнэрийн нь амьсгалахаас өөр юу ч энэ гэрт дуулдсангүй. Галсан өнөөх
зоорины зүг чих тавьсаар багагүй хугацааг өнгөрөөв. Галсангийн нүүрээр хөлс дааварлажээ.
Яалтчгүй зоорин доороос цохиж байсан тэр чимээ одоо дахин дуулдахаа больсон болохоор
орлуугаа очиж эхнэрийнхээ өвөрт шургахыг завдан алхлаа. Гэтэл түүнийг дөнгөж галын
өрөөнөөс гарах гэж байтал Хэрлэн “Чи чинь одоо ямар их даарчихаа вэ” гэж тодоос тод хэлэх
нь тэр. Эхнэрээ зүүдэлж байна гэж бодсон ч Галсангийн нүд харанхуйлаад ирлээ. Эхнэрээ
дуудаж “Чи сая юу гэв ээ?” хэмээн асуусан боловч Хэрлэн сэрсэнгүй. Галсан тэр хүйтэн биетэй
этгээд хэн болохыг харахыг хүссэн ч эхнэрийн нь хажууд магадгүй азаар хэн ч байсангүй.
Галсан ч эхнэрээ дахин дуудсангүй хажуугаар нь шургалаа. Түүний нойр хүрсэнгүй, гартаа
атгасан алхаа ч тавьсангүй. Бие нь жихүүцэж муу ёрын адын бодлууд бүх оюун санааг нь
эзлээд байлаа. Эхнэртэйгээ арав гаран жил амьдарч гал голомтоо бадрааж явахдаа ингэж
барьц алдаж, айж сандарсан нь ер нь үгүй мэт бодогдоно. Уг нь Галсан угийн хүдэр чийрэг
биетэй, хэр баргийн юмнаас айгаад байдаггүй зоримог эр атлаа энэ удаа тэр үл мэдэгдэх
дуу чимээ, ялангуяа зоориноос багагүй жийрхэж байлаа. Хуучин байшиндаа амьдарч байхдаа
нэг ч удаа ингэж хий сонсож бас эхнэр охин хоёр нь зүүдэндээ ярьж байгаагүй гэдэгт бүх
хөрөнгөөрөө дэнчин тавихад ч бэлэн тийм их итгэлтэй байв. Гэтэл энэ хэдхэн хоногийн
хугацаанд юу болоод өнгөрөв өө? Хамгийн уур хүрмээр нь энэ болж байгаа бүхний утга учир
ердөө олдохгүй байгаад оршиж байв. Анхны шөнө охин нь зүүдэндээ зоориноос гармаар байна,
хүйтэн байна гэж уйлаад л, эхнэр нь чи чинь ямар хүйтэн биетэй юм бэ гээд л...Бас тэр охины
нь дагуулж ирсэн Цэнгэл гэдэг жаахан охин. Нүд нь шар шувууных юм уу гэлтэй пад харанхуй
шөнө айхтар сайн харж тэр зоорийг хайж байдаг. Галсангийн энэ бодож байгаа бүх бодлууд
нь хоорондоо ямар нэг зүйлээр холбогдоод ч байх шиг. Галсан ийнхүү бодол болон шаналан
хэвтсээр үүр цайлгалаа. Энэ хугацаанд зоорин доороос дахин балбах чимээ гарах нь уу гэж
чих тавин хүлээсэн хэдий ч юу ч сонсогдсонгүй.
Галсан дутуу нойртой хоносноос болж нүд нь улаанаар эргэлдсэн хүн галынхаа өрөөнд зоорины
хаалгыг ширтэн гөлрөн сууна. Эхнэр охин хоёр нь зэрэг шахам босоцгоож өглөөнийхөө цайг
уухаар уван цуван орж ирлээ.Саруулын аав руугаа ширтсэн харц өчигдөрийнхөөс ч илүү хурц
хүйтэн болжээ. Өглөөний цайн дээр хэн ч юу ч ярьсангүй. Удалгүй охин ээждээ баяртай гэж
хэлээд хичээлийнхээ цүнхийг үүрэн сургууль руугаа гүйн одлоо. Галсангийн гар утсанд түүний
ажилладаг барилгын компанийн албаных нь даргаас гурав хоногийн дараа ажилдаа орохыг нь
сануулсан хоёр ч мессеж иржээ.
Галсан уг барилгын компанид инженер хийгээд гурван жил болж байгаа. Өвлийн улиралд
барилгын компанийн захиалга харьцангуй багасдаг учраас энэ байдлыг нь далимдуулан
амралтаа авсан нь энэ ажээ. Гэтэл амралтын энэ 14 хоног нэг мэдэхнээ дуусч байгаа нь
Галсангаас илүү түүний эхнэрт хамгийн их харамсалтай байлаа. Мэдээж хэрэг нөхөрт нь тэр
болгон олдоод байдаггүй амралтын өдрүүд нүүдэл суудал гэсээр байтал нэг л мэдэхэд дуусах
дөхөж, хамтдаа өдрийг сайхан өнгөрөөнө гэсэн жаргалтай бодлууд нь бөхөх мэт болж байгаад
сэтгэл нь гонсойсон биз.
Галсан өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Уг нь энэ амралтынхаа хугацаанд шинэ орон гэрээ
сайхан төвхнүүлж аваад ажилдаа орно гэж бодож байтал энэ байшинд болоод байгаа учир
нь үл ойлгогдох зүйлүүдээс болоод сэтгэл нь түгшиж байв.Эхнэрээ бие засахаар явах гэхэд нь
Галсан өөрөө ч мэдэлгүй “Болгоомжтой яваарай” гэхэд Хэрлэн гайхаж харснаа инээмсэглээд
гарч одлоо. Удалгүй эхнэр нь гэртээ орж ирэхэд Галсан өнгөрсөн шөнийн зоорины хаалгыг
доорос нь балбасан чимээний тухай ярьлаа. Гэхдээ жорлонд гацаж доороос нь ямар нэгэн
нүдэнд үл үзэгдэх амьтан маш хурднаар өөр лүү нь ойртсон гэдгийг хэлэхээ азнажээ. Хэрлэн
эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ Галсан хий юм сонссон гэж ятган тайвшруулахыг хичээж
эхлэх нь тэр. Галсан ч гэсэн хэдий өөрийгөө хий юм сонссон байгаасай хэмээн эрхгүй хүсч
байсан ч урьд шөнө дуулдсан тэр чимээ бол яах аргагүй бодитой байсан гэдгийг сайн мэдэж
байлаа. Галсан өчигдөр зоорины хаалгыг нээхийг эрхгүй хүсч байсан бол одоо огт өөр бодолтой
болжээ.Яавал энэ зоорийг илүү сайн түгжих вэ гэсэн бодол сэтгэлийг нь шаналгах нь тэр.
Тэрээр энэ зоориноос ад зэтгэрийн амьтан гараад ирж гэмээнэ лав сайн юм болохгүй гэдгийг
зөнгөөрөө мэдрэх шиг. Ингээд л энэ шөнөөс эхлээд Галсан унтахдаа алх бороохой тэргүүтнийг
эхнэрээсээ нууцаар орныхоо хажууд тавьдаг боллоо. Энэ гэрийн ганц эр хүн болохоор түүнд
эдгээр зэвсгүүдээс нь өөр үнэнч хань байхгүй мэт санагдана. Саруул охин ч аавдаа уурласан
хэвээрээ. Энэ байдалд нь аав ээж нь хоёулаа эмзэглэх болж охиноо янз бүрээр аргадах боловч
тусыг эс олно. Галсан ажилдаа орох болжээ. Охиных нь харьцаа тааламжгүй байгааг эс тооцвол
гэрийн бусад бүх зүйлээ цэгцлээд амжсэн мэт түүнд санагдаж байв. Энэ орой ч гэсэн Саруул
охин урьдын адил өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжээд гаралгүй нам жим боллоо.
Галсан охиныхоо үүдэнд ирж “Саруул аа, миний охин өрөөнийхөө түгжээг тайл. Аав нь чамд
бэлэг авсан. Тэгээд бас аав нь маргааш ажилдаа орох болох нь” гээд гартаа атгасан жижиг
чихмэл бамбаруушийг өхөөрдсөн харцаар харснаа үнэрлээд авлаа. Харамсалтай нь Саруулын
амнаас ямар ч үг гарсангүй, хаалганыхаа түгжээг ч тайлсангүй. Сүүлдээ Галсан уурлах ч биш,
гуйх ч биш байдалтай яахаа мэдэхгүй зогсохыг харсан Хэрлэн нөхрөө тайвшрууллаа.
-Миний хөгшин одоо унтаж амар аа. Би Саруултай маргааш ярилцана. Тэгээд чамайг маргааш
орой ажлаа тараад ирэхэд чиньв Саруул урьдын адил аавыгаа хүзүүгээр нь тэврэн үнсүүлэх
болно, чамд амлая
Эхнэрийнхээ хэлэхийг сонссон Галсан нээрээ л тайвшрах шиг болов. Ээж нь арай өөр аргаар
ярилцаад учрыг нь олж дөнгөнө гэж тэрээр дотроо бодоод хөнжилдөө орлоо.
Шөнө дунд болжээ. Галсан Хэрлэн хоёр тэврэлдэн тайван нойрсож байлаа. Гэтэл яг л шөнө
дундын үед гал тогооны өрөөний өнөөх зоорины хаалгыг урьдынхаасаа илүү хүчтэйгээр балбах
нь тэр.Галсан сэрлээ. Тэрээр орон доороо бэлдэж тавьсан зэвсгүүдээрээ өөрийгөө хангалттай
зэвсэглэж аваад галын өрөө рүү дөхлөө. Өрөөнд ороод гэрэл асаасан хэдий ч үнэхээр хэн
нэгэн тоос бостол шалан доороос цохих нь тэр. Зоорины хаалга эгээтэй л эвдрэх нь үү гэлтэй.
Барьц алдан яахаа мэдэхгүй сандарсан тэрээр арайхийн сэхээ авах шиг боллоо. Хоёр гартаа
том бороохой, төмөр шөвөг хоёрыг нэг нэгээр нь атгасан тэрээр зоорины хаалганы тэнд дөхөж
очоод “хэн бэ чи?” гэсэн чанга дуугаар хашхиран асуув. Тэгмэгц цохих балбах чимээ нам
жим болов. Галсан бүр бухимдаж гүйцжээ. “Новш минь чи гараад ир. Чи хэн юм бэ?” хэмээн
хэдэнтээ цөхрөн хашхирлаа. Таг чиг, дахин чимээ гарсангүй. Харин энэ үед Хэрлэн цочин
сэрээд нөхрийнхөө хажууд яаран сандран иржээ. Галсан бүх болсон явдлыг хэлэхэд Хэрлэн
түүнийг тайвшруулаад хамтдаа унтлагынхаа өрөөнд эргэж ирлээ. Энэ шөнө тэд хоёулаа унтаж
чадсангүй. Үүр цайхын алдад охин нь мөн л зүүдэндээ ярьж ямар нэгэн зоорь, дотроос нь гарч
ирэх гээд чадахгүй байгаа хэн нэгний тухай хойно урд нь оруулан зогсоо зайгүй шулганав.
Эхнэр нөхөр хоёр охиноо тайвшруулах гэж багагүй сандралдсаар арай хийж үүр цайлгалаа.

Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ VI хэсэг

Даваа гарагийн энэ өглөө Галсангийн гэрийнхэн хоорондоо юу ч ярьсангүй.
Уг нь өглөөний цай болгон дээр ямар нэгэн хөгжилтэй зүйлийн тухай ярилцаж инээлдэцгээдэг
байсан бол энэ удаа ядаж хэн нэгнээс нь хоолойгоо засах чимээ ч гарсангүй. Саруул охин
жаахан идэж уусан болоод хичээлийнхээ цүнхийг үүрэн яаран гарч одлоо. Шөнийн болсон
явдал одоо болтол санаанаас нь гарахгүй байгаа Галсан охиндоо баяртай ч гэж хэлж чадсангүй.
Удалгүй Галсан ч ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа эхнэртээ “Болгоомжтой байгаарай. Юмыг
яаж мэдэхэв, зоорь луу битгий ойртоорой” гэж хэлээд гарч одлоо. Харин Хэрлэн ганцаархнаа
шинэхэн орсон байшиндаа айдас түгшүүрээс өөр ханьгүй хоцрох нь тэр. Хөршүүдтэйгээ танилцах
гэж оролдсон ч яагаад ч юм өөрөөс нь нэг л дөлж дуугарч ядаад болсонгүй.Хөршүүдтэйгээ
танилцаж чадаагүйдээ Хэрлэн урам муутайхан гэртээ буцаж ороод дутуу цэгцэлсэн сав суулга,
хувцас хунартай ноцолдлоо. Ингэж байхдаа ч тэр Хэрлэн хөршүүдийн өөрийг нь огт тоохгүй,
илэрхий зугтаж байсан нь бодогдож “Сүнс чөтгөр харсан амьтад шиг юун ч сүртэй юм бэ
дээ” хэмээн өөрийн мэдэлгүй амандаа үглэв. Тэрээр дээд давхартаа гарч хураалттай хогшил
хэрэгслээсээ ойр зуур хэрэглэх зүйл олдож мэдэх юм гэж бодоод ухаж гарав. Ухах тусам л
улам сонирхолтой санагдаж бүр хэдэн цагаар суучихав. Гэтэл доод давхарт нь түжигнэх чимээ
дуулдав. Охиноо ийм эрт хүрээд ирсэн юм болов уу хэмээн бууж ирсэн хэдий ч хэн ч байсангүй.
Арай дахиад л өнөөх зоорийг чинь доороос нь нүдсэн хэрэг биш байгаа даа гэж бодоод хамаг
бие нь жихүүцээд ирэв. Хэрлэн хоёр гартаа жижиг хогийн шүүр, хамуураа атгасан хэвээр
байлаа. Гал тогооныхоо өрөөнд ортол өнөөх муу ёрын зоорь өөрийг нь хүлээгээд байж байгаа
мэт Хэрлэнд эрхгүй санагдав.
Хэрлэн зоорь луу нэг хоёроор маш удаанаар алхан дөхлөө. Түүний зүрхний цохилт илт түргэсч
гар нь үл мэдэг салгалж байгааг өөрөө тэрхэн агшинд анзаарсангүй бололтой. Хэрлэнгийн бүх
анхаарао, оюун ухаан зоорины хаалган дээр төвлөрч өөрийн эрхгүй тийш дөхөх аж. Гэтэл энэ
үед Хэрлэн өөрөөс нь гадна өөр хэн нэгэн тэр зоорины хаалгыг нүд салгалгүй ширтэж байгааг
сая олж хараад давхийтэл цочих нь тэр. Галын өрөөний цонхны гадна талаас нэгэн үхдэл мэт
цэлдэн хөх, цонхигор царайтай охин яг тэр Хэрлэнгийн дөхөж яваа зоорины хаалга руу нүд
салгалгүй ширтэж байв. Тэрээр яг л Хэрлэнг зоорины дэргэд дөхөж очоод хаалгыг нь татаж
онгойлгох тэр мөчийг тэсэн ядан хүлээж байх мэт. Эхэндээ зоорь луу дөхөж буй Хэрлэнд өөр
зүйл рүү анхаарлаа хандуулах ямар ч сөхөө байгаагүй хэдий ч нүднийн нь буланд хэн нэгэн
эрхгүй өртөхөд яалтчгүй цонх руугаа өндийн харсан нь энэ байлаа. Хэрлэн тэр этгээдийг
хараад дуу алдан балмагдсан хэдий ч өнөөх охин харин Хэрлэн рүү огтхон ч харсангүй зөвхөн
зоорь луу л тас гөлрөн ширтсээр. Одоо Хэрлэнд зоориноос илүү тэр охин аймшигтай санагдаж
эхэлсэн бөгөөд тарж бутарсан ухаанаа цуглуулан байж охиныг тогтоон ажиглаад өнөөх Цэнгэл
байхыг сая танилаа. Хэрлэн охины таниад “Чи энд юу хийж яваа юм бэ?” хэмээн асуусан
хэдий ч Цэнгэл амьгүй мэт зоорь луу гөлөрсөн хэвээр. Бүр тэр охин хүний урманд ганц ч
болов хөдөлгөөн хийгээгүйгээр барахгүй нүүрнийхээ арьсыг ч хөдөлгөсөнгүй. Хэрлэн өөрийг
нь анхаарах сөхөөгүй байгаа охинтой гарч уулзахаар үүд рүүгээ яаран зүглэлээ.
Тэрээр аль хэдийнэ гадаа гарч өнөөх галын өрөөнийхөө цонхны дэргэд ирсэн ч дөнгөж сая
зоорины хаалгыг ширтэн зогсож байсан Цэнгэл бараа сураггүй арилаад өгчээ. Хэрлэнгийн
сэтгэл нэг мөсөн түгшлээ. Тэрээр эргэж гэртээ орохоосоо ч жийрхэж байлаа. Бас дандаа л
бараа сураггүй алга болчихдог тэр охин яагаад энэ хавиар ингээд эргэлдээд байгаад ч гайхаж
эхлэв.Эхлээд тэр Цэнгэл охиныг хашаанаас нь дөнгөж гарахад араас нь очиж харсан хэдий ч
аль хэдийн алга болсон байсан. Харин одоо бас дахиад л урьдын адил Хэрлэнгийн нүдэнд нь
огтхон ч өртөлгүйгээр ор мөргүй арилаад өгч. Бас тэр охин зоорины хаалга руу айхтар зэвүүн
харцаар нүд салгалгүй ширтэж байсан нь Хэрлэнгийн санаанаас гарч өгөхгүй зовоох аж. Ингээд
Хэрлэн охиноо хичээлээсээ удахгүй хүрээд ирэхээр нь хамт гэртээ оръё гэж шийдээд хүлээсэн
ч 30 орчим минут болоход Саруул байдаггүй. Гэрийнхээ нимгэн хувцастай гадаа зогсож байгаа
Хэрлэн эрхгүй даарч, яалт чгүй гэртээ орохоор үүд рүүгээ дөхлөө. Гэхдээ тэрээр галынхаа
өрөө рүү ч харсангүй бараг нүдээ аних шахам чигээрээ гүйж унтлагынхаа өрөөнд оров. Түүний
галын өрөө рүүгээ эргэж харалгүй гүйж орсон нь ч аргагүй биз. Түрүүн дээд давхартаа байхад
доороос дуулдсан тэр чимээг зоорин доороос гарсан болов уу гэж таамаглаж байсантай нь
шууд холбоотой. Хэрлэн унтлагынхаа өрөөний хаалгыг дотроосоо түгжжээ. Ядаж байхан саяын
цонхоор нь зоорь луу ширтэж байсан хувхай царайтай Цэнгэл охины төрх санаанаас нь гарахгүй
зовооно. Хэрлэн айсан сэтгэлээ тайвшруулахын тулд нөхөр лүүгээ ярья гэж бодлоо. Бүсгүй
амьдралдаа айж үзээгүйгээрээ айж бүр нүдэнд нь нулимс гүйлгэнээд иржээ. Хотын төвөөс
алслагдсан гэр хорооллын айл учраас суурин утас тавиулах боломжгүй, зөвхөн гар утсаар
л бусадтай холбоо барьдаг нь энэ удаа Хэрлэнд дэндүү хяслантай санагдаж байв.Халаасаа
сандран тэмтчих нь гар утсаа хайсан хэрэг байлаа. Хараал идмэр... Түүний халаас хоосон байх
бөгөөд тэрээр ийн дуу алдаад түрүүн галынхаа өрөө рүү орохдоо утсаа зоорины хажуугийн
ширээн дээр орхисноо сая саналаа. Дөнгөж энэ бодолтой нь зэрэгцэн галын өрөөнөөс дахиад
нэгэн бөглүү чимээ гарах шиг болов. Үүнийг сонссон гэртээ ганцаархнаа бүсгүй яах ёстойгоо
үнэндээ л мэдсэнгүй. Нуруугаараа хаалгаа дарж суугаад чимээгүй нулимс дуслуулж эхэллээ.
Магадгүй чанга цурхиран уйлж гэмээнэ өнөөх зоорин доор байгаа ад зэтгэрийн амьтан сонсоод
гараад ирэх юм шиг л түүнд санагдаж байсан нь лавтай. Дахин чимээ гарсангүй. Арваад
минут өнгөрөхөд Хэрлэн сая нэг жаахан тайвшрав. Одоо түүний бодолд зөвхөн охин нөхөр
хоёр нь хурдан ирээсэй гэсэн бодол л эргэлдэх аж. Тэрээр ямар ч хөдөлгөөнгүй суусаар.
Гэтэл гэнэт түүний гар утасных нь хонх жингэнэж эхэллээ. Энэ нь Хэрлэнд төдийлөн таатай
санагдаагүйгээр үл барам жаахан тайвширч эхлээд байсан сэтгэлийн нь айдсыг дахин сэдрээх
нь тэр. “Галсан байж мэдэх юм” Хэрлэнд төрсөн энэ бодол өөрийн эрхгүй харилцуураа авах
хүслийг бадраагаад ирлээ. Гэхдээ өнөөх дуугараад байгаа гар утас зоорины хажууд байгаа
шүү дээ. Аягүй бол өнөөх Цэнгэл дахиад л зоорь луу ширтээд зогсож байж мэднэ. Бүр магадгүй
зоорин доор байгаа тэрхүү үл мэдэгдэх этгээд өөрийг нь энэ өрөөнөөс нь гаргаж ирэх гэсэндээ
утасных нь хонхыг дуугаргаж байгаа ч юм билүү. Ингэсээр Хэрлэн баахан эргэлзэж цаг алдсан
хэдий ч утас дуугарсаар....


Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ VII хэсэг

Хэрлэн бүр хөшиж орхижээ. Айснаасаа болоод асгарсан нулимс нь доошîî дусалж амжилгүй
хацрыг нь исгэн тэндээ шингээ юу гэлтэй. Гэрт нам жим байх бөгөөд түрүүхэн жингэнэж байсан
гар утасных нь хонх одоо бүр дуулдахаа больжээ. Хэрлэн хаалгаа налан суусан хэвээрээ л байв.
Бүр босохоосоо ч айх шиг болж Галсан Саруул хоёрыг иртэл ингээд л энд суугаад байхаар
шийдээд байлаа. Хэдэн цагаар ингэж сууснаа тэрээр өөрөө ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд охиных
нь гэртээ ирэх цаг аль хэдийн болоод бүр өнгөрсөн байлаа. Харанхуй болсныг Хэрлэн одоо л
анзаарч байгаа бололтой өрөөнийхөө гэрлийг яаран асаалаа. Ингээд гэрэл ассанаар Хэрлэн
жаахан тайвширч сэтгэлд нь хургасан айдас үргэв бололтой Хэрлэнгийн айсан сэтгэл нь одоо
тайвширсан болохоор өнөө хүртэл ирээгүй байгаа охиндоо санаа зовж эхэллээ. Тэр аажуухан
өндийв. Унтлагынхаа өрөөний хананд үүд рүүгээ харуулж тавьсан толинд өөрийнхөө нулимсанд
халтардсан төрхийг хараад гэнэт инээд нь ч хүрэх шиг болов. Юу ч болоогүй байхад ямар ч
утгагүй юмнаас айж бүр нулимс унагачихсан байх шив гэж Хэрлэн өөртөө дуулдах төдий
хэллээ. Гэхдээ тэрээр магадгүй үүдэнд нь хэн нэгэн өөрийг нь хүлээж байна гэж бодсон уу
ямартай ч унтлагынхаа өрөөний хаалгыг шууд нээхийг хүссэнгүй. Толины доор байрлах гурван
шургуулгатай шүүгээний хамгийн дээд талын шургуулгыг аяархан татаад нойтон салфеткаар
нүүрээ арчсан болов. Аль хэдийн 19 цаг өнгөрч байлаа. Хэрлэнд ядаж нөхөр охин хоёроо
ирэхэд хоолоо бэлдсэн байх ёстой гэсэн үүрэгт бодол толгойд нь орж ирлээ. Ингээд тэрээр
гүнзгий амьсгаа аваад хаалганыхаа түгжээг өөртөө их л эргэлзсэн байртай торхийтэл тайлж
хаалгаа нээлээ. Хаалга чихран дуугарч удаанаар нээгдэхэд магадгүй азаар Хэрлэнгийн нүдэнд
хэн ч өртсөнгүй. Коридор гэж нэрлэж заншсан үүдний өрөөнийхөө гэрлийг мөн асааснаар
гэр тэр чигтээ л гэрэл гэгээтэй болох шиг Хэрлэнд санагдав. Одоо тэрээр галынхаа өрөө рүү
орохдоо түрүүчийнх шигээ айхаа больжээ. Гэхдээ бодлын нь мухарт өнөөх амьгүй мэт гөлрөн
зогссон Цэнгэл охин дахин цонхоор нь зоорь луу ширтээд байж байх вий гэсэн айдас хургасан
хэвээр. Гал тогооныхоо өрөөнд ормогцоо хаалганы хажууд байх унтраалгыг яаран дарж гэрэл
асаалаа. Өрөөнд хэн ч байсангүй, бас цонхны цаана ч хэн нэгэн харагдсангүй. Зоорины хажууд
байрлах хоолны том ширээн дээр тавьсан гар утсаа авлаа. Галсан түүн рүү хэд хэдэн удаа
залгажээ. Нөхөр лүүгээ залгах гэснээ хэмнэж мессеж бичиж зогссон Хэрлэн өмнө нь галын
өрөөнд дэвссэн байсан хивсийг хэрэггүй л хуйлав уу даа хэмээн бодох аж. Магадгүй хивсийг нь
авсан болохоор зоорин доор янз бүрийн хулгана энэ тэр гүйлдэхэд тэр чимээ нь тод сонсогдоод
байгаа биз гэж өөртөө хэллээ. Гэхдээ тэрээр ийм хүйтэн өвлийн улиралд хүйтэн зооринд ямар
оготно байх билээ гэж бодсон ч энэ бодолдоо ач холбогдол өгөхийг хүссэнгүй.
“Охин одоо болтол ирдэггүй. Миний хөгшин ирэх дөхөж байна уу. Би ганцаараа жаахан
айгаад байна” гэсэн Хэрлэнгийн мессежийг Галсан авчээ. Гадаа ийм орой болчихсон байхад
Саруул одоо болтол гэртээ ирээгүй байгаа нь Галсангийн санааг эрхгүй зовоох нь тэр. Бас
дээрээс нь Хэрлэнгийн жаахан айгаад байна гэсэн үг Галсанд нэг л ёозгүй санагдаж Хэрлэн
рүү залгалаа.
-Байна уу. Хөгшин нь одоо ажил дээрээсээ гарлаа. Айх хэрэггүй ээ, намайг очтол зурагтаа
асаагаад тайвшраад сууж бай? Би удахгүй за юу
-ЗА. Гэхдээ Саруулыг одоо болтол ирэхгүй байгаад бүр санаа зовоод тогтож сууж ч чадахгүй
нь, чи хурдан ирээрэй.
-За ойлголоо, удахгүй
Галсан ингэж хэлээд утсаа салган хийж байсан ажлаа дутуу орхин ажил дээрээсээ яаран гарлаа.
Гадаа маш хүйтэн байх бөгөөд үе үе цасан шуурга шуурч, тэнгэр бүүдийн сааралтана. Галсан
нэг л мэдэхэд гэрийн зүг такси барин хурдалж байв. Гэрлүүгээ нэлээд дөхөж ирээд машинаасаа
бууж явган гүйлээ. Гэтэл яг түүний өмнөх зам дээр Саруул охин нуруугаа бөгтийлгөн алхаж явах
нь тэр.Саруул аа хэмээн дуудтал охин зогтусав. Харанхуйд андуурсан байж мэдэх юм хэмээн
бодож байсан Галсан охиныг зогсохоор Саруул мөн байна гэж баттай итгэн гүйж очлоо. Өвлийн
пальтохоо малгайг өмссөн жаахан охин Галсангийн нүүрлүү толгойгоо өргөн харах үед тэрээр
цочсондоо золтой л ухаан алдчихсангүй. Шөнийн харанхуйд ч тод ялгармаар зэвхий цагаан
царайтай Цэнгэл охин Галсанг тас гөлрөн ширтсээр. Галсан юу ч хэлж чадахгүй ээрч байснаа
Цэнгэлийг тойрон гэрийнхээ зүг гүйж одох нь тэр. Эргэж харахаасаа ч жийрхэн яаран гүйх
Галсангийн чихэнд “Би дараа ирнэ гэж хэлсэн биздээ” гэсэн үг сонсогдох шиг. Гэртээ дөнгөж
ортол гараа элгэндээ зөрүүлэн тэвэрсэн Хэрлэн санаа нь зовсон нүдээр нөхрөө угтлаа.
-Охин ирдэггүй би бүр санаа зовоод байж байна. Одоо яах вэ?
-Харин л дээ. Уг нь сая замд таарсан жаахан охин яг Саруул шиг харагдаад. Тэгтэл биш байдаг
байгаа. Галсан ингэж хэлэхдээ Цэнгэлийн үүрч явсан цүнх, гадуур хувцас нь яг Саруулынхтай
ижилхэн байсныг саналаа. Арай Саруулыг маань тэр үхээрийн царайтай охин... гэж бодсоноо
хар эрчээрээ гүйж гарав. Хашааныхаа үүдэнд хальтарч унаад босохдоо Галсан хувцасаа ч
гүвсэнгүй. Тэрээр саяын Цэнгэлтэй тааралдсан тэр харанхуй гудамж руу гүйсээр хүрч ирлээ.
Эл хуль оргисон энэ бөглүү газар ямар ч хүн амьтан байсангүй. “Саруул аа миний охин хаана
байна аа” хэмээн хашхирах Галсангийн дууг хэн ч сонссонгүй ээ. Галсан уруу царайлсаар шөнө
дундын үед гэртээ ганцаараа иржээ. Саруул охин гэртээ ирээгүй байх бөгөөд Хэрлэн ч бүр
цөхрөнгөө барж гүйцжээ. Охиныхоо очсон байж магадгүй гэсэн бүх газар луу утасдсан боловч
хаана ч байсангүй. Охиндоо санаа зовсон эхнэр нөхөр хоёр шөнө цурам хийлгүй хоножээ. Өглөө
болж нар мандахтай зэрэгцэн Галсан Саруулын сургууль руу охиныхоо сургийг гаргахаар яаран
гарлаа. Хэрлэн хэдий хамт явахыг завдсан ч Галсан охин ирж магадгүй тэгвэл над руу утсаар
ярьж хэл гэхэд үгэнд нь орж үлджээ. Галсан охиныхоо ангийн багш Ганцэцэгтэй уулзаж учир
явдлаа ярихад охин нь өчигдөр хичээлдээ ирээгүй гэсэн хариу сонсчээ. Галсангийн сэтгэлийн
түгшүүр шаналал бүр ч нэмэгдээд ирлээ. Өчигдөр өглөө охин нь гэрээсээ гараад сургууль
руугаа очоогүй байх нь ээ. Ангийн нь сайн найз нөхөд байдаг болов уу гэж Галсанг асуухад
Ганцэцэг “Анх шилжиж ирснээс хойш хэнтэй ч юу ч яриагүй ангийнхантайгаа дотносч арай
амжаагүй байгаа” гэж хариулжээ. Галсангийн бүх горьдлого талаар болов. Галсан урамгүйхэн
сургуулийн үүд рүү алхаж байснаа гэнэт нэгийг санав бололтой Ганцэцэг багш руу эргэж
“Уучлаарай багш аа. Ингэхэд танай сургуулийн бага ангид Цэнгэл гэж охин сурдаггүй биз.
Аавтайгаа хоёулхнаа амьдардаг байсан. Саяхны нэг өдөр гэр нь шатаад аав нь өөд болсон
гэсэн” хэмээн асуулаа. Энэ үгийг сонссон Ганцэцэг багшийн царайд илт гайхсан төрх тодроод
ирэв.
-Мэдэхгүй ээ. Тийм охин одоо байхгүй дээ
Галсан багшийн энэ хариултын “одоо” гэсэн үгийг онцолж сонссонгүй гарч оджээ. Тэрээр ажил
төрлөө ч бүр умартаж орхиод зөвхөн охиноо гэр хүртэлх замаараа хаа сайгүй хайсаар ямар ч үр
дүнд хүрсэнгүй. Өмнө нь хэзээ ч гэрээсээ гадуур ганцаараа хонож үзээгүй охиндоо ямар нэгэн
муу юм тохиолдсон хэрэг биш байгаа даа хэмээн шаналан алхсаар нэг л мэдэхэд хашааныхаа
өмнө тулж иржээ. Хэрлэн түүнийг хүлээгээд гэрийнхээ үүдэн дээр нөмгөн хувцастай зогсож
байв.Тэд хоёулаа бие биесээ асуусан харцаар ширтэж байлаа. Өдөр болоод ирэх үест эхнэр
нөхөр хоёр аргаа баран цагдаагийн газар очиж охиноо алга болсон хэмээн тэмдэглүүллээ.
Газар дээрх ганц хайртай охин нь туйлын эрх танхи учраас яавч хэл чимээгүй гадуур тэнэж
алга болохгүй гэдэгт тэдний хэн хэн нь бат итгэлтэй байв. Үдэш болжээ. Саруул бараа сураггүй
хэвээр. Ядахад өвлийн улирал болохоор 17 цаг өнгөрөв үү үгүй юу гэгээ тасарчихаар охиноо
харуулдсан эхнэр нөхөр хоёрын сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй хөндүүрлэж байлаа.
Удалгүй шөнө болов. Тэд охиноо хүлээн ганц хором цурамхийгээгүй, хэлэн дээрээ юу ч тавиагүй
болохоор аргагүй ядрав бололтой унтлагынхаа өрөөний орон дээр хоёулаа бүхлээрээ хэвтээд
өгчээ. Шөнө дундын үед Галсан дахиад л гэнэт сэрлээ. Аргагүй ядарсан учир тэд нэг мэдэхнээ
нам унтчихсан байжээ. Хэрлэн гадуур хувцастай тэр чигээрээ нөхрийнхөө хажууд нулимсандаа
хавдсан нүдээ гараараа хагас дараад унтаж байлаа. Үүдэнд хөлийн чимээ гарах нь тэр. Охиноо
ирсэн юм биш байгаа хэмээн баярласан Галсан Саруул аа, чи юу хэмээн аяархан дуудсаар
үүднийхээ өрөөнд орж гэрэл асаатал хэн ч байсангүй. Байшингаасаа гарч хашааныхаа гэрлийг
асаасан хэдий ч тэр том хашааг нэлэнхүйд нь гэрэлтүүлж үнэхээр чадсангүй. Битүү цас даржээ.
Энэ шөнө харин тогтуухан байх бөгөөд хашааны сүүмгэр гэрлийн тусгалд Галсангийн нүднээ
модон жорлон өртлөө. Арай энэ жорлон дотор охин нь байгаа юм биш биз гэсэн бодол яагаад
ч юм Галсанд төрөөд болсонгүй. Галсан үл мэдэг мөрөө хавчаад гараа өмднийхөө халаасанд
хийж жорлонгийнхоо зүг алхлаа. Үнэхээр энэ модон жорлон руу дөхөх тусам Галсан нэг л зүрх
алдаад байгаадаа өөрийгөө гайхаж байлаа. Ингээд тэрээр нэг мэдэхэд жорлонгийн хаалганы
өмнө тулж иржээ.
Галсан хоолойгоо нэг сайн засаад хаалгыг нээтэл өнөөх Цэнгэл охин Галсанг хүлээж байсан
юм шиг өөдөөс нь хүйт даасан харцаар ширтэн зогсоно.
-Чи охиноо хайж байна уу?
-Хараал ид гэж. Чи энд юу хийж байгаа юм. Миний охин яасан, Саруул хаана байна?
Галсанг ингэж асууж дуусаагүй байтал шавар шавхайд хутгалдсан болов уу гэмээр сурагчийн
дүрэмт хувцастай жаахан охин хажуугаар нь гараад гүйчихэв. Цэнгэл хашааны хаалгаар гарч
одлоо. Галсан араас нь хөөж барих гэснээ болиод гэнэт зогтусах нь тэр. Учир нь Цэнгэлийн
гүйж одсон цасан дээр хэн ч гишгэсэн дурайсан тод хөлийн мөр гарах ёстой биш үү. Гэтэл
Цэнгэл охины гүйж одсон тэр битүү цас бүрхсэн зам дээр мөр гээд оноогоод хэлчихээр юм
үнэндээ л байсангүй. Гайхаш тасарсан Галсан өөрөө цасан дээр гишгэж үзэх нь энэ цасан дээр
гишгэсэн хүний хөлийн мөр гарч байгаа эсэхийг нягталж байгаа мэт. Галсан гал тогооныхоо
өрөөнд ороод тамхи асааж бодол болон суулаа. Цэнгэл анх Саруулыг дагаж ирэхдээ яг л
саяын өмссөн шавар шавхай болсон дүрэмт хувцастайгаа байсан нь тодхон санагдаж байв.
Галсан саяын болсон явдлаас үүдэн энэ хувхай царайтай жаахан охин яавч амьд хүн биш гэсэн
дүгнэлтэнд хүрээд байлаа. Анх энэ үхээрийн цонхигор царайтай охин яаж яваад Саруултай
танилцсан тухай ч өмнө нь охиноосоо асууж байгаагүйдээ Галсан одоо харамсаад барахгүй
байх аж. Бас тэгээд сая тэр Цэнгэл “Охиноо хайж байна уу?” гэж асуусныг нь эргээд бодохоор
нэг л зэвүүн санагдаад болсонгүй. Саруулыг гэртээ ирээгүйг тэр амьд үхсэн нь мэдэгдэхгүй
Цэнгэл охин сайн мэдэж байгаа байх нь. Галсан ийнхүү гайхаш тасран шаналсаар нэг мэдэхнээ
ширээгээ дрэлэн зүүрмэглэж орхижээ. Нэг цаг орчим л өнгөрсөн болов уу. Тэрээр ямар нэгэн
юм түжигнэх чимээнээр гэнэт сэрлээ. Өнөөх Цэнгэл охин аль хэдийнэ галынх нь өрөөнд ороод
ирчихсэн зоорины хаалгыг нээх гэж хар тэнхээгээрээ хүчилж байх нь тэр. Галсан нүдэндээ ч
итгэсэнгүй. Харин Галсанг сэрснийг мэдсэн Цэнгэл даруйхан гарч одлоо.




Bookmark:




*** Naizuud.com-Mongolian Friends-Erh chuluug end meder! ***
Powered by phpFoX Version 1.6.20