Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт орсон хүчтэй аадар борооны улмаас
хүний эрдэнэт амь эрсдэж, эд материалын ихээхэн хэмжээний хохирол
учирсан билээ. Тухайн үед хөдөө орон нутагт бороо орно гэсэн мэдээлэл
цацагдсан ч хүчтэй, аюул дагуулах хэмжээний байна гэдгийг урьдчилж
сануулаагүй. Харин нийслэлд хүчтэй бороо орох мэдээллийг 13.15 цагаас
зарлаж, анхааруулж эхэлсэн байна.
Ус цаг уурын хүрээлэнгээс Улаанбаатар хотод энэ сарын 17-ны өглөө дуу
цахилгаантай, түр зуурын бороо орно гэдгийг урьдчилан мэдээлж байсан
аж.
Гэтэл 11.25 цагийн үед ажиглалтаар нийслэлээс баруун урд зүгт 80 км
-ийн зайд радар дээр аадар борооны бөөн үүл ажиглагдсан байна. Улмаар
аадар бороо 14.00 цагийн орчимд Шувуу, Морин уулын орчмоор орж ирэхээр
тооцоолж, урьдчилсан мэдээллийг тарааж эхэлжээ.
Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буйгаар энэ талаар сэрэмжлүүлгийг
мэдээллийн хэрэгслээр боломжийн хэмжээнд хүргэсэн гэнэ. Харин орон
нутагт орох гэнэтийн аадар бороог яг хаана, хэзээ орохыг урьдчилан
нарийн мэдээлэх боломж хомс байгаа аж. Энэ нь тоног төхөөрөмж муутай
холбоотой гэнэ.
Аадар бороо нийслэлд 1.30- 2.30 цаг үргэлжилж, Өлзийт хороололд 40 мм,
Буянт -Ухаад 51.6 мм, төвийн хэсгээр 22.9 мм орсон байна. Нэг үгээр
хэлбэл, Улаанбаатарын төв болон урд талаар бороо илүү их орсон тул үер
буух шалтгаан болжээ.